Нэгдүгээр хэсэг

2.4K 107 2
                                    

•~●~•

Гуравдугаар сарын нэгэн шуургатай өдөр өнгөрч оройн сүүдэр хучих цагаар цасан шуурга хүчтэй шуурч байв. Нүүр нүдгүй хүчтэй салхи түрэн дайрч хүйтэн зэвхий жавар нь хамаг биеийг бээргэнүүлэн чичирүүлэх ёрын хүйтэнд азарган морины дээр гадас шиг зоогдсон нэгэн бүсгүй тэртээ цас манарсан алсад бяцхан галын дөл мэт сүүмгэр гэрлийг хараад "Аливээ залуу минь, одоо жаахан яваад л хүрлээ" гэж унаж явсан морио аргадангуй гуйв.

Тосгоноос жаахан зайдуу байрлах сүрэл өвсөөр торсон морины зүчээ, малын өтөг бууцаар дүүрэн хонины хашаа, тахианы жижиг байшин мэт зүйлсээр хүрээлүүлсэн жижигхэн навтгар байшингийн цонхоор дэнлүүн гэрлийн алтан туяа дулаахан үзэгдэв. Зүчээнд морио байрлуулж явган хөлөөр жороолсоор гэртээ хүрч очмогцоо зориг зүрхээ чангалан хонх дарлаа.

Удалгүй үүд алгуурхан нээгдэж дулаахан байшингийн уур амьсгалтай хүйтэн жавар холилдон уур савсайв. Хаалга тайлж өгсөн залуу охин ээжийнхээ улайж хөлдсөн шаргал царайг олж хараад ухас хийн татаж оруулмагцаа догдолсон сэтгэлээр хүзүүдэн тэврэх ажээ.

"Ээж минь. Таныг харсандаа үнэхээр их баяртай байна"

"Бэтт, чи минь сайн уу?" гээд жаахан түгдэрч "Эгч чинь гэртээ байна уу?" гэв. Тэр шуудхан л саяхныг хүртэл үргэлж л бодогдож ирсэн том охиноо сураглан асуув.

"Байлгүй яах вэ, тэр өрөөндөө байгаа. Та миний захиаг авч ээ?" гээд цас болсон хүрмийг нь тайлан хажуудах өлгүүртээ өлгөөд ээжийнхээ гэртээ өмсдөг байсан эсгийн шаахайг урд нь дөхүүлж өглөө.

"Нью-Йоркоос наашаа хоёр өдрийн өмнө гарсан юм. Замд гал тэрэгний тасалбар олдохгүй жаахан саатсаныг эс тооцвол тосгоны хүмүүсийн ачаар харанхуй болохоос өмнө амжаад ирэх шив" гэж уул авхай өгүүлээд гэрийнхээ эргэн тойронг нүдэндээ торгоон харлаа.

Тэрээр хатагтайгаа дагаад Нь-Йорк руу явснаас хойш гэрийнхээ барааг үзэлгүй хоёр жил бүтэн өнгөрчихсөн байлаа. Гэр нь анх түүнийг явсан тэр өдрийнхөөс нэг их өөрчлөлтгүй хэвэндээ байх агаад хуучин муу тавилга нь сүр бараагүй гундуухан үзэгдэнэ. Язгууртан айлд хоёр жил амьдарсан болохоор ч тэр үү? Гэрийнх нь байр байдал ядуу зүдүү өнгө үзэмж муутайхан санагдана. Тэрээр нэг мянга найман зуун ерэн есөн онд буюу одоогоос хоёр жилийн өмнө язгууртан айлын эзэгтэй болох Ноён Трейнорийн гэргий Каролина Трейнорийг дагаж Нью-Йорк хот руу түр хугацаагаар суурьшин амьдрахаар хамт явжээ. Хатагтай Каролинагийн итгэлт зарц бүсгүйн ёсоор тэр өөрийн хоёр охин болох Элизабетт Изабелла хоёрыг төрсөн гэрт нь үлдээгээд явсан юм санж.

FORCED MARRIAGEWhere stories live. Discover now