Хөлс хөдөлмөрөө гарган байж цуглуулсан газрын зургаа дайсанд алдах нь эдгээр далайн дээрэмчдийн хувьд хүндхэн тусаж, тэдний сэтгэл санаа тавгүй байгааг гадарласан гүнж байдлыг хяналтандаа авсан юм. Тэр өөрийн мэдлэгээ гарган бүхнийг эмх замбараатай хуваарилж төлөвлөхөөс гадна бусдыгаа үйлдлээрээ аргадан тайвшруулж байв.
Хэдий Хвасон уурандаа буцалж байсан ч эхнэрийнхээ хажууд уурлаж өөрийн муухай сөрөг энергиэ түүнд халдаахыг хүсэхгүй байлаа. Үүнээс гадна гүнж өөдөөс нь дулаахан инээмсэглэн харцаараа өгүүлэх "Чиний буруу биш ээ, бид буцаад авах болно" гэх аргадсан үгс Хвасонд дэндүү хүчтэй нөлөөлнө. Өөрийн тансаг амьдралыг хаяад хөлгийн ахмад гэх хэцүү тушаал дээр гарч мөрөн дээр нь буусан хүнд ачааг үүрсээр ирсэн Сонхвагийн хувьд эхнэрийнх нь аргадалт их ач тустай байсан юм.
Хвасон болон Минги нар хэдэн туслахтайгаа гүнжийн тушааснаар хөлөг дээр хэвтэх цогцсуудыг далай руу авч шидлээ. Араас нь хөлгийн тавцанг угаан цэвэрлэж энд тэнд урсаж наалдсан цусыг нэг бүрчлэн арилгасаар Эрдэнэс урдынх шигээ цэвэрхэн болов. Сан Жуну хоёр яаралтай гэсэн юмнуудыг засаад үлдсэнийг маргааш үргэлжлүүлэхээр орхисон бол Юүи Юүнугийн хамтаар шархадсан далайн дээрэмчдийн шархыг боож цэвэрлээд том ажлын ард гарлаа.
Харин энэ хугацаанд хамгийн хүнд ажлыг авсан хөлгийн тогооч юу ч чадахгүй генералаас болж золтой л гал тогоогоо шатаачихсангүй. Ёсаны хамаг үс бууралтах нь холгүй маш их бухимдсаар арай гэж нэг хоол хутгаж тавиад ядарч туйлдсан хамт олноо хооллоно. Үүнтэй зэрэгцэн хөлгийн залуурч "Маргааш өдөр гэхэд хуурай газар хүрнэ" гэх сайхан мэдээг дуулгалаа.
Хөлгийн засварчин "Жуну бид хоёр хөлгийг сайн шинжиж харсан бүгдээрээ гар нэгдэн эрчимтэй ажиллавал хоёр юмуу гурван хоногийн дотор Эрдэнэсийг цоо шинэ мэт янзалж дөнгөнө" хэмээн малийсаар Жунуг иймэрхүү юм засах чадвартай нэгэн байгаад ихэд талархах аж. Хэрвээ тэр өмнөх шигээ ганцаараа бүхнийг төлөвлөж хийсэн бол илүү их хугацаа алдах байсан билээ.
Гүнж мишээсээр "Манай Жуну мундаг шүү" гэж дүүгээ магтахад Жуну ичингүйрэн түүнд талархах бол Юүи түүнийг өхөөрдөн шоолсоор "Манай Сан ч бас их мундаг байна" гэснээ Үёон руу хараад "Чи их азтай юм аа" хэмээсээр уур амьсгалыг дээрдүүлнэ. Үёон хаан мэт суугаад "Мэдээж, энэ бол миний хайрт шүү дээ" гэж ихэд бахархсан байдалтай хариулав.
Гүнж бусдыг магтаж байгааг харсан Минги ч бас жоохон хүүхэд шиг магтаал авахыг хүсэж "Би би би" гэхэд гүнж хөхөрсөөр "Манай Минги ч бас мундаг ажлаа хийж Эрдэнэсийг бүр нүд гялбатал сайн зүлгэж цэвэрлэсэн байна лээ" хэмээн магтахад түүний санаа амран малийсаар үлдэв. Харин энэ үед ямар ч магтаал хүртээгүй ахмад "Бүхэл бүтэн хөлгийн ахмад, газар дээрх ганц хайртай нөхөр нь хүртэл дөрөв хөллөн шал зүлгэж байхад юу ч хэлээгүй байж" гэсээр амандаа бувтнана.
YOU ARE READING
Treasure
Adventure[Mongolian Fic] Long Journey: Treasure sequel to Pirate King Хөлсний алуурчин ба хүчирхэг генерал хоёрын адал явдал...