🏴‍☠️ 𝕹𝖚𝖊𝖛𝖊 🏴‍☠️

864 108 30
                                    

Магадгүй генерал гэх нэрийн ард мөн түүний зүүдэг бүх хуяг дуулганы цаана хүн бүрийн харц хүрдэггүй эмэгтэй нуугддаг юм шиг. Азурагийн нөгөө хүн алчих гээд байдаг ширүүн харц үгүй болж өмнө нь гаргаж байгаагүй намуухан хоолойгоор "Юуны өмнө Ёсан гуай, хэн ч чиний сайхан гоо үзэсгэлэнд үгүй гэж хэлэхгүй. Би ч бас нүд баясгам үзэсгэлэнтэй царайг өглөө бүр харж сэрэхийг хүснэ" гэхэд Ёсан шүлсээ залгиж байгаа харагдана. Хөлгийн тогооч залуу өөрийгөө царай муутай биш болохыг мэдэх ч гэлээ өмнө нь хэн нэгэн түүний гоо үзэсгэлэнг ингэж магтаж байсан удаагүй билээ.

Ёсаныг ямар ч хариу хэлэлгүйгээр гөлөрч буйг харсан генерал хоолойгоо засаад түүнээс нүдээ салгалгүй "Зөвхөн царай зүсэнд болдог юм шиг харагдуулсан бол уучлаарай" гэснээ удаанаар амьсгаагаа аваад ямар ч яарсан шинжгүй "Надад чиний зан чанар ч бас таалагддаг" хэмээн хэлэх нь Ёсаныг улам ихээр төөрөлдүүлж орхив. Тэрээр өөрийнхөө байр суурийг умартан "Ямар зан чанар?" гэж сониучхан зандаа хөтлөгдөн хорвоотой танилцаж буй бяцхан жаал лугаа чин сэтгэлээсээ асуулаа.

Азура хариу инээмсэглээд "Өөртөө үнэнч, шийдэмгий, тууштай зан чинь" гэх бөгөөд зүгээр ч нэг наалдаагүй харин өөрийг нь ингэж их анзаарч мөн анхаарал хандуулж байсанд гайхсан тогоочийн ам ангайн удалгүй буцаад хаагдав. "Жоохон наалдамхай бас зөрүүд гэдгээ мэднэ ээ" ийн цэрэг бүсгүй өгүүлэхэд далайн дээрэмчин "Жоохон гэнэ шүү нарнаас том наалдамхай юм байж" гэж амандаа бувтнахад Азурагийн сайн сонсгол үүнийг сонссон байх агаад тэрээр улам чангаар инээн "Тийм ээ, тийм! Магадгүй Үёоноос ч илүү наалдамхай хүн байх" хэмээн өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь тэр.

"Ер нь бол ямар ч хүн миний ийм тууштай наалдамхай занд бууж өгдөг юм. Харин чи ерөөсөө бууж өгөөгүй. Тэр чинь чамайг өөртөө үнэнч байж шарыг харж шарваж, улааныг харж урвадаг нэгэн биш болохыг илтгэж байсан шүү дээ" гэж жуумалзсаар "Чиний энэ хатуу зан намайг улам ихээр чамд наалдаж, чамайг өдөхийг хүсэхэд хүргэдэг" гэснээ хуруугаараа Ёсаны хацрыг хатгах нь түүнд өөр ертөнц рүү яваад оччихсон мэт танил бус мэдрэмжүүдийг төрүүлэв.

"Энэ арал дээр ирэхэд хамгийн түрүүнд миний хоолойнд хутга тулгасан хүн нь чи байсан. Тэгснээрээ чи миний харцыг булаасан гэж болно" хэмээн Ёсанд хариу хэлэх боломж өгөлгүй яриагаа үргэлжлүүлэн "Эхэндээ чиний ур чадвар сонирхлыг минь татсан тул чамтай тулалдахыг хүссэн боловч чи надтай тулалдахгүй байсан нь дургүйг минь хүргэж чамайг цаг үргэлж ажигладаг болсон юм даа" гэсээр далайн дээрэмчний толгойноос хөл хүртэл нь нүдээ гүйлгэн харах агаад түүнийг ажиглаж, харах тусам сэтгэлд нь нийцэж байгаагаа өгүүлэв.

TreasureDove le storie prendono vita. Scoprilo ora