Хачирхалтай нь аргагүй анхны хайр гэдэг үгийг сонсох бүрийд Хансолд тэр нэгэн дунд сургуулийн гурав дугаар ангид байх үе нь санаанд ордог байлаа.
Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй, цөөхөн хэд нь л зун уулзаж хэлхэлдэх хэмжээний дотно хүүхдүүд дунд шинэ бүлэглэл бий болдог намрын тийм нэгэн догдлол бас гомдлоор дүүрэн өдрүүд байж.
Ихэвчлэн л "Хичээл тараад юу хийх юм?" гэх өгүүлбэрээр эхэлдэг нөхөрлөлүүдийн нэгд Хансол хутгалдаад, үе тэнгийнхнийхээ нэгэн адил хөгжилдөж, хааяа нэг цугтаа хичээл таслах, байшингийн дээвэр дээр гарах гээд болох болохгүйг туршин саваагүйтэж сурчээ.
- Чүэ Хансол, одоо чиний ээлж.
Чёлк засаж ардаа цэмцийлгэн боосон хар өнгийн богино үстэй охин нэг бандийн амнаас тамхины ишийг нь харамлах мэт сугалан авснаа түүнд сарвайгаад дэггүй нүдээр ширтэхэд Хансол түүнийг гөлрөөд яахаа мэдэхгүй гацна. Хөвгүүн гараа сунгаад тамхийг авч, гайхсаар бас ичингүйрсээр арай гэж уруулдаа ойртуултал хэн нэгэн түүний гараас ишийг шүүрэн авлаа.
- Хүн ирж байна. Явцгаая
Бор өнгийн урт шулуун үс, нүдний шилтэй, түүнээс жаахан өндөр, нөгөө ангид сурдаг И Жонён.
Тамхийг газар хаяад унтраах гэж дээрээс нь гишгэх охиныг Хансол алмайран ширтэж, охин ч хувцсаа янзлаад толгой өргөхдөө түүнтэй харц тулгарлаа. Охины давхраагүй, цайвар бор өнгийн нүднүүд түүнийхтэй огтлолцоод хэсэг тормолзсон ч хормын төдийд өөрчлөгдөн томоотойн аргагүй түүнийг ажихад хүү л ганцаараа тухгүйдэх шиг болов.
- Гүйгээрэй!
Эхлээд түүнд тамхи өгсөн охин Сура ийн хөгжилтэйгөөр дуугараад хүүгийн гараас атган гүйхэд Хансол түүнд угзчуулан дэвхрэхдээ арай гэж Жонёноос харц салгана.
Сура Хансолтой нэг ангид сурч, Жонёныг харин тэд хамтын хүрээллээсээ мэдэх билээ.
Жонён тэднээс нэг эгч, багадаа шар өвчин тусаад нэг жил өнжин сургуульд орсон гэх. Хичээлдээ дундаж, уран зохиолын ном л бусдаасаа арай илүү сонирхож уншдаг тэр охинтой хамт байх бүрт л тэдний дунд хачин холбоо үүсчихдгийг Хансол мэдэрдэг байлаа.
Тэгээд хэрэв түүний зөв бол, охин ч бас үүнийг мэдэрдэг гэж Хансол бодно.
Жонён үргэлж хүүгийн яриа, үйл хөдлөлд анхаарал хандуулахгүй юм шиг хэрнээ л бүгдийг сонсчихсон, дараа нь албаар биш юм шигээр түүнд нь тааруулан элдвийг хийдгийг Хансол тааламжтайгаар хүлцэн тосож авдаг байв.
YOU ARE READING
50/50 (ДУУССАН)
Fanfiction- Найз залуутайгаа үнсэлцмээр байгаа биз дээ? Тэгвэл хэлснээр минь хий