Үл таних нэгэн

3.6K 131 4
                                    

Гадаа бүрэнхий татаж, хаврын сэрүүн үдэш бүгд халуун дулаан газар шигдэцгээжээ. Хот амгалан төрхөндөө орж, гадаах гэрлүүд гудамжийг чимнэ. Ийм л бүрэнхий цагаар бүсгүй цонхоор гадаах байдлыг ширтэн суухад үл таних нэгэн хажууд нь ирэн нам гүмийг үргээн ийн хэлсэн юм.

-Хэрэв хэзээ ч харж байгаагүй нэгэн чиний тухай бүгдийг мэднэ гэвэл чамд аймшигтай санагдах уу? гэхэд Леа эргэн тойрноо нэг харснаа

-Үгүй ээ. Огтхон ч аймаар биш гэсэн жигтэй яриагаар тэдний харилцаа эхэлсэн юм. Долгионтой буржгар үс, шанаа нь товойсон эрүү, өндөр хамар, үл мэдэг ургасан сахал нь түүнд үнэхээр зохисон аж.

-Хэрэв би чиний тухай бүгдийг мэднэ гэвэл чамд жигтэй биш гэж үү?

-Үгүй ээ. Учир нь би ч өөрийгөө бүрэн дүүрэн мэдэхгүй учир намайг мэднэ гэсэн хүн миний тухай юу мэдэх нь сонин байна гээд инээлээ.

-Хорвоогийн хамгийн гунигтай зүйлийг чи мэдэх үү? хэмээн бүсгүйн нүднээс бүгдийг унших гэсэн мэт ширтэн инээмсэглэхэд Леа ч мөн нүд рүү ширтсэн чигтээ толгой сэгсэрлээ.

-Хорвоогийн хамгийн гунигтай зүйл бол ирээдүйгээ мэдэх. Түүнийг сөрж чадахгүй байх.

-Энэ надад ямар хамаатай билээ? хэмээн ихэмсэг суун залуу руу харлаа.

-Үнэндээ маш их хамааралтай. Би чиний ирээдүйн талаар бүгдийг мэднэ гэхэд Леа толгой дохин ёжлонгуй инээмсэглэлээ.

-Миний ирээдүйг мэдэж байсан ч огтхон ч сонирхлыг минь татахгүй байна баяртай гээд гараа даллан буцаад цонх руу харан суулаа.

-Яг одоо чи сүйт залуугаасаа салах талаар бодон суугаа тийм үү? Чи өөртөө итгэхийг хүсэхгүй байгаа хэдий ч чи тэр нэгнээ аль хэдийн хайрлахаа байсан байх вий гэж айж байгаа. Тэр залуугаа аль эрт мартсан чинь дээрдээ. Сүйт залуу чинь аль хэдийн өөр нэгний эрхэнд автчихсан. Одоохондоо жүжиглэж байгаа ч ирээдүйд чи тэртээ тэргүй мэднэ гэхэд Леа эргэж уурлангуй хараад

-Чи хэн болоод ингэж яриад байгаа юм?

-Хүсвэл юу ч гэж нэрлэж болно оо намайг. Эрэл хайгуулч, эсвэл цаг хугацаагаар аялагч, үгүй дээ гэхэд хэн ч биш. Ирээдүйд чи миний тухай бүгдийг мэднэ. Ердөө би чамд анхааруулах гэж ирсэн юм. Долоо хоногийн дараах яг энэ өдөр тэр текны суудал дээр нэг залуу сууж байна. Тэр залуу чамайг хараад л дурлачих ч ирж ярилцаж чадахгүй. Гэхдээ тэр өдрөөс хойш бүтэн сар чамайг хүлээж яг тэнд сууна. Харин чамтай сарын дараа таарахдаа ч зориг гаргаж чадахгүй.

StalkerWhere stories live. Discover now