"Бүхний эхлэл" нэрт сүүлчийн бүлэг Part 2

400 29 5
                                    

Миллер өвгөн рүү хэсэг ширтэн урд нь суулаа. Өвгөн харцаа салгалгүй түүн рүү ширтэн

-Намайг үзэн ядаж байна уу? Алмаар санагдаж байна уу? гэхэд Миллер ширтсэн чигтээ суусаар байв.

-Одоо чиний зовж байгаа чинь ердөө л хайраас болж байгаа юм. Хэрэв чи хүмүүст хайраа өгөөгүй бол одоо ингэж зовохгүй байсан. Тэр ч байтугай чи алдар нэрээ дуурсгах байсан. Гэхдээ энэ бүгд хов хоосон гэдгийг мэднэ биз дээ. Хүмүүст жинхэнэ төрхийг нь харуулахад надад тусалсан бол ингэж зовохгүй байсан юм. Хүмүүс нэгнийхээ өмнөөс үхдэг. Хайрт нэгэн нь үхэхэд сэтгэлдээ үхсэн өчнөөн хүнийг би харж байсан. Гэхдээ энэ ямар ч утгагүй зүйл шүү дээ. Хэн нэгний төлөө шалдаа бууна гэдэг. Өчүүхэн хэр нь түүнийгээ хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Хайр агуу гэдэг хэр нь өөрсдөө түүндээ хавчигдсаар байдаг гэхэд Миллер ямар ч нүүрний хувирал үзүүлсэнгүй Өвгөн рүү ширтсээр байлаа. Удаан дуугүй суусныхаа эцэст Миллер ам нээлээ.

-Чиний буруу байсан. Хүмүүс өчүүхэн байж болох ч өөрийгөө бүхэл болгохын тулд хайрладаг юм. Чамайг үзэн ядаж байна уу гэж үү? Үгүй дээ. Зүгээр л өрөвдөж байна. Зүгээр л өөрийнхөө бүхий л сэтгэлээ дотогшоо нуучихсанд чинь. Чи ердөө л хайрыг үгүйсгэсэн болохоор л үзэн ядалтыг сонгосон чинь өрөвдөлтэй юм. Хайр үгүй боллоо гээд үзэн яддаг юм биш. Хайр бий болохоор л үзэн ядаж байгаа юм. Хэтэрхий их хайр чинь л үзэн ядалтыг бий болгож байгаа юм. Чи өөртөө хайртай, сул дорой жаал хэвээрээ л байгаа. Түүнийг хайрлах хүн нь өөрөө л болохыг хүссэн. Амьдралд хайртай болохоор л бусдыг үзэн ядаж байгаа биз дээ. Сэтгэл зүрхэндээ хайраар дутсандаа ч биш ердөө л өөрийн доторх бяцхан сул дорой жаалаа хайрлах, хамгаалах арга нь бусдыг үзэн ядах гэж бодсонд л чамайг өрөвдөж байгаа юм гэхэд Өвгөн мушилзан чанга инээлээ.

-Бүхий л зүйлээ ярьж байхад чиний хариулт ердөө л энэ үү? Хачин юм шүү. Өвөөд чинь сэтгэлээ нээсэн гэтэл үр удамд нь ахин сэтгэлээ нээх гэж. Тэгээд хоёулангаас нь адил хариулт сонсох гэж. Намайг өрөвдөж байна гэж. Гэтэл та нарт алинд нь ч намайг шүүх, дүгнэх хэрэг байхгүй шүү дээ. Гол яриандаа оръё Миллер. Тэгээд чи яах гэж байна даа гэлээ.

-Би чиний үйл ажиллагааг зогсоож чадахгүй байж мэднэ. Тив аврах хэмжээний баатар би биш ч байж мэднэ. Гэхдээ нүдэн дээр минь хүн хэрхэн өрөвдөлтэй, арчаагүй нэгэн болж хувирдаггыг харж байна. Чиний талд орж, Леаг аварахын тулд Арканаг бүтээх болсон тэр цагт би чиний мэдэрсэнтэй адил зүйлийг бага ч атугай амссан юм. Бүхий л зүйл хамаагүй болж, Леаг хайрлаж байсан сэтгэлээ үгүйсгэсэн. Тэгэхэд дотор мэдрэгдэх зүйлс үзэн ядалт болж хувирч буйг мэдэрч байсан. Дотор ямар нэгэн нүүгэлтсэн хар зүйл ирж суучихсан мэт. Заримдаа амьсгалахад ч хүнд болж байсан. Леагийн дүр төрх орж ирэх бүрийд би зугтаж, үзэн ядалтаар өөрийгөө ирлэж байлаа. Тэр үзэн ядалт Леаг өөрийн гараар багалзуурдахаас наагуур намайг зовоодог байлаа. Намайг шаналгаж байгаа Леагийн дүрийг өөрийн гараар үгүй хийвэл санаа амрах мэт. Ахиад ганц л алхвал эргэж буцалтгүйгээр өөрийгөө сүйдлэх байлаа. Гэхдээ чи алдсан. Миний багын дурсамжийг сэдрээсэн нь л намайг цохиод авах шиг л сэрээсэндээ. Чи ч бас багын өөрийгөө орхиж чадаагүй шиг хамгийн эмзэг цэгт л чи нэвтэрчээ. Тэр үед бага ахуйдаа өөртөө өгч байсан амлалтыг минь сануулсан юм. Хэзээ ч та нарын урхинд орохгүй дээ гэсэн амлалт. Харин үүнээс Леа намайг аварсан юм. Түүнийг хайрласан хайр гэх нь зөв юм болов уу? Хэрэв зээ Леа намайг халуунаар тэврээгүй бол, Леа намайг хайрлаагүй бол би чиний л нэгэн адил адгын амьтан хэвээр үлдэх байсан юм. Хэнээс ч тийм мэдрэмжийг авч байгаагүй. Мираг ч хайрлаж байгаагүй. Түүнийг зүгээр л ажлын хэрэгсэл мэтээр түүний хайрыг ашиглаж байсан өөдгүй амьтан байсан юм. Өмнө итгэдэг байгаагүй ч ганц л хүний харц бүхий л зүйлийг өөрчилсөн юм. Чи анхны Арканаг устгасан гэж бодсон байх. Гэхдээ үгүй. Түүнийг Stalker баг аварч чадсан юм. Тэд Арканаг зөвхөн надад зориулан хадгалж байсан. Надад итгэсэндээ л. Түүний ачаар би хэзээ ч харж, хайрыг нь хүртэж чадаагүй ээжтэйгээ учирсан юм. Тэр үед л хайр байжээ гэдгийг ойлгосон юм. Чиний зөв байх. Хэрэв би хайртай учраагүй бол одоо чиний өмнө ингээд арга мухардан зогсохгүй байсан биз. Надад хамаагүй хүмүүсийг аврахын тулд ингэж шалдаа буухгүй байсан биз. Чиний энэ ажлыг зогсоохыг хүсч буй нь зөвхөн Леаг аврахын төлөө ч байж мэднэ гэж хэлээд доош суулаа.

StalkerWhere stories live. Discover now