"Жонгүка" жаргалтай гэх чинь инээмсэглэн суух Тэхён хажууд нь чимээгүй суух Жонгүкийн нэрийг дуудна.
"Мм?"
"Энд яагаад цас ордоггүй юм бол?" гэсээр Жонгүкийн хөлийг дэрлэж хэвтэн түм бумаараа түгсэн ододруу харна.
"Мэдэхгүй юм даа. Магадгүй уур амьсгал нь тохирдоггүй байх. Энд өдөр нь сэрүүхэн байж шөнө нь аягүй дулаахан —" Жонгүк үгээ ч дуусгаж амжаагүй байхад Тэхён чанга чанга инээн түүний хөлийг хөнгөхөн цохино.
"Ийм үед романтик хариулт өгдөг шдэ мангараа. Чиний халуухан байдлаас болоод гэдэг ч юм уу? " гэсээр инээснээсээ болж саран хэлбэртэй болсон нүдээрээ Жонгүкрүү ширтэнэ.
"Би тийм юм хэлж чадахгүй. Бодит байдлаас хэтэрхий хол. Яаж ч бодсон хэн нэгэн халуухан байснаас болж цас орохоо болихгүй" гэсээр ододруу ширтэн сууснаа болин нүдээ зөөлөн анив. Тэхён Жонгүкийн хэлсэн хариултыг сонсон чимээгүй л түүнийг доороос нь ширтэн хэвтэнэ. Түүний нүдний тусгалд тэнгэрээр дүүрэн байх одод бас тайван амьсгалан суух Жонгүкийн төрх харагдана. Харин Жонгүк нүдээ аньсан чигтээ өвсөн дунд хаа нэгтэй дуугарах царцааны чимээг чагнан сууна.
Үнэхээр амар амгалан байх аж. Өвдгөө дэрлүүлэн суух залуу дэрлэн хэвтэх залуугын сэтгэлд өчүүхэн ч зовиур байхгүй элдэв дуу чимээ ч байхгүй яг л нам гүмийн ертөнцөд ирчихсэн мэт.
Тэхён ч удаалгүй нэг сайн амьсгаа авчихаад нүдээ аньлаа. Гэрэлт цохнууд хаа нэгтэйгээс гарч ирэн зөвхөн тэднийг л тойрон эргэлдэнэ. Өвст нугын голд тухалж авсан хадан дээрээ чимээгүйхэн хэвтэх залуусыг л тойрох шиг. Яг л тэдний төлөө гэрэлтэж байгаа мэт.
Гэхдээ хэн нь ч нүдээ нээн өөрсдийг нь тойрон эргэлдэх гэрэлт цохыг ч тэр нэгнийхээ гялалзах нүдийг ч тэр эгцэлж харсангүй. Тус тусдаа юу ч бодохгүй байхыг хичээн чимээгүйхэн сууж буй нь энэ аж. Гацаж орхисон цаг хугацаанаасаа ирээдүй эсвэл өнгөрсөнрүү хэсэг зуур ч болов аялаж байгаа нь энэ байв.
"Би цасанд дуртай. Намайг төрж байхад цас орж байсан гэж ярьдаг байсан болохоор" Тэхён нүдээ аньсан чигтээ ийн хэлэв.
"Тэгвэл энд чамайг төрөх үед ядаж цас ордог байжээ?" Жонгүк ч мөн адил нүдээ нээлгүйгээр асуув. Тэхён хариуд нь хөнгөхөн инээд алдав.
"Үгүй дээ. Би энд төрөөгүй. Нэг мэдэхэд л энд ирчихсэн байсан. Тэгээд тэнэг амьтан шиг алиалагч хийж хүмүүсийг инээлгэдэг байлаа." гэсээр сая л нэг нүдээ хагасхан нээн гараа тэнгэрлүү сунган хуруугаараа одонд хүрж байгаа мэт хөдөлгөв. Гэрэлт цохнууд нэгэнт алга болжээ.