Галт тэрэгнээс буух агшинд Альбус, Хенри хоёр аль хэдийн Хогвартсын жанчаа өмсчихсөн байв. Харин миний хувьд жанч өмсөнө гэдэг өөр хэрэг. Жанчаа урж, тасдахгүй өмсөж чадвал л тэр үс, нүүр царай ямар байх нь хамаагүй. Бид тэнхим тэнхимээрээ сүйх тэргүүдэд явах хэрэг гартал Альбус, Хенри хоёр над руу нүд ирмэн гараараа даллаад "Түр баяртай" гэж хашгичив. Би харин Слизериний Хеспер Старкей, Харви Риджбит хоёртой хамт нэг сүйхэд суулаа. Хэрэв чи энэ хоёрын талаар мэдэхгүй бол Хеспер Старкей нь сарны фаз анх судалсан шидтэн ирээдүйд болсон бөгөөд Харви Риджбит маш сайн луу судлаач болсон. Би Хеспер, Харви хоёртой нэг ч үг дуугаралгүй Хогвартс руу очлоо. Тэр хоёр надад угаасаа дургүй билээ. Хоёрдугаар дамжаанд байхдаа Хар Урлагаас Хамгаалах Хичээл дээр гижигдэх шидээр ажиллах гэж байгаад шившлэг ойгоод бүтэн 24 цаг тэр хоёр хөхөрсөөр үлдсэн. Мэдээж хэн бүхэнд энэ гайгүй мэт уншигдаж болох ч тэр хоёрын элгэнд одоо ямар нэг өөрчлөлт байж л байгаа. Ашгүй нэг Хогвартсын сүрлэг шилтгээн харагдахад аль хэдийн гадаа харуй бүрий болчихсон байв. Шилтгээний цонх үзэсгэлэнтэйгээр гялалзаж, хамгийн өндөр цамхгаас энэ бүх ертөнцийг тольдмоор санагдах ажээ. Нуурын тунгалаг усанд шилтгээн гялалзана. Сүйх тэрэгнээс буугаад Альбус, Хенри хоёр аль хэдийн шилтгээний хаалганы дэргэд очсон нь харагдав. Бид бүгд Хогвартсын цагаан гантиг шатаар дээш өгсөн "Их Танхим"-д орлоо. Шөнийн тэнгэрийг дүрсэлсэн тааз, хөөрч буй лаанууд, бас мөнгөлөг хий үзэгдлүүд намайг гэртээ эргээд ирснийг батлана. Хогвартс бол миний гэр...
*********
Өчигдөр хэт их идсэнээс болоод бие минь яг салж унах гэж байгаа юм шиг санагдана. Өнөөдөр бол Хогвартсын 5-р дамжааны эхний өдөр. Сайхан биш гэж үү? Шинэ адал явдал. Шинэ хичээлийн жил. Ороо хураачихаад харанхуй өрөөнөөсөө илгэн цаас, бэх, сурах бичгээ аваад азгүйтлийн жил биш байгаасай хэмээн залбиран "Их Танхим" руу гарав. Өглөөний цай уух гэж шүү дээ. Эргүүлгэн шатаар доош буугаад хоёр талтай том хаалгыг татав. Тэгтэл өөдөөс минь их буу нүргэлэх шиг чимээ гартал би хөөнд дарагдчихсан зогсож байлаа. Мерлиний сахал гэж. Хэн нэгэн нь Хогвартс бол миний гэр гэвэл би энэ хуурамч хаалгануудыг үзүүлээд тэгж хэлэх хүслийг нь унтраана даа гайгүй. Хогвартсын хамгийн муухай зүйл бол энэ хуурамч хаалганууд. Яг гоё орох хичээлийн анги, танхимаа оллоо гэж бодтол хуурамч хаалга байх жишээний. Би хөө болсон нүүрээ хажууханд байсан угаалтуурын усыг гоожуулан угаав. Тэгтэл яг нүүрээ угааж дуусангуут энэ нь бах мэлхийн өтгөн байсныг харлаа. Яг мөндөө, тэнэг хуурамч хаалга, бах мэлхийн өтгөнөөр хийсэн угаалтуур. Би яагаад ийм азгүй юм бэ?
Эргээд Слитериний газар доорх нийтийн өрөө рүү яваад жанчаа солингоо нүүрээ угаав (Энэ удаа жинхэнэ ус байсан). Хогвартсын 5 дахь жил ч мөн бүтэлгүй эхлэж байна шүү. Хамгийн эхний хичээл. ХУВИРГАЛ. Хувиргалын хичээлийг би хамгийн бүтэлгүй хичээл гэж хэлж байсан. Энэ хичээлийг профессор Гелзио Винтер ордог. Тэр хувиргалын маш агуу мастер бөгөөд түүний хичээлийг хүүхдүүд их сонирхолтой ч гэж үздэг. Намайг ангид ороход аль хэдийн хэдэн хүүхэд суугаад байраа эзэлчихсэн байх бөгөөд би Альбус Дамблдор ба Анна Врайт гэсэн суудаг сурагчдын нэрийг бичсэн ширээг хайж хайж олоод баруун талд нь суув. Харин профессор Винтер ширээний ард "Өдөр Тутмын Зөнч" сонинг дэлгээд унших бөгөөд амандаа "Хнн, тун тоогүй" хэмээн үглэнэ. Удалгүй ч бүх сурагчид цугларч профессор Винтер ангийг гүйлгэж харангуутаа бүгдийг нь хүндэтгэн босон зогслоо. Тэр үсээ ардаа жимбийтэл нь боосон байх бөгөөд өсгийтэй гутал нь босож зогсоход нь тог хэмээн дуугарна.
"За сурагчдаа, энэ жил бол та нарын тав дахь жил. Нэг үгээр бол С.И.Ш өгөх жил. Хувиргалын хичээлийн С.И.Ш-ийн шалгалт бол та нарын амьдралд маш хэрэгтэй. Тийм болохоор бүгдийг нь өнөөдрөөс эхлээд сайн бэлдээсэй хэмээн хүсэж байна."
Ард нэг хүн маш чангаар хөхөрчээ. "Хаха та нарын амьдралд хэрэгтэй гэнэ шүү" хэмээн хөхрөх явцдаа хэлэх нь сонсогдоно. Профессор "Ноён Сириус Блэк..." гэж ууртайгаар дуугарав. Би арагшаа харахад хар үстэй, өндөр хамартай Слитериний Сириус Блэк инээж байлаа. Блэк хөхрөхөө зогсоохгүй л байлаа. Профессор гүнзгий амьсгаа аван "Ноён Сириус Блэк" гэж дуугарав. Тэр "Профессорооо та 2-р гэж хэлэхээ мартчихлаа. 2-р Сириус Блэк" гэж ихэмсгээр хэлжээ.
"За 2-р Сириус Блэк, танд ямар нэг хэлэх гэсэн зүйл бий юм болов уу?"
"Мэдээж профессороо. Бид нарын амьдралд хувиргал хэрэгтэй байж болох ч бүгдэнд нь биш байлгүй. Харин Хувиргалын С.И.Ш-д ганц ч оноо авч чадахгүй хүмүүс яаж амьдрах юм?" гэж тэр инээсээр хэлнэ.
"Юу ярина вэ? Ноён Блэк. Хувиргалын хичээлийг бүгд сайн өгнө гэж би найдаж байна."
"Үгүй л болов уу? Жишээлбэл бохир цустнууд, эрлийзүүд, бас скүйбүүд." гэж тэр хэсэг азнаснаа "Анна Врайт, аав чинь маггл байхаа. Бас чи ид шидийн ганц ч юм хийж чадахгүй. Скүйб. Би л лав чиний оронд байсан бол эртхэн шиг сургуулиас гарах байсан. Гриффиндорын Альбус Дамблдор. Ээж нь маагл гаралтай, аав нь Азкабаны хоригдол, дүү нь скүйб. Бас Слитериний Алиэс Хэрмэн байна. Муу бохир цуст" гэж хэлэв. Миний нүдийг нулимс бүрхээд авав. Заавал биднийг ингэж хэлэх шаардлага байсан юм уу? Уйлсандаа болоод Альбус Блэктэй зодолдох гээд босоод зогссоныг ч анзаарсангүй.
YOU ARE READING
Анна Врайтын түүх
FanfictionАнна Врайт бол Хогвартс Ид Шид, Увидастны сургуулийн Слизерин тэнхимийн сурагч. Гэвч түүний явсан газар бүр бүтэлгүйтээд байдаг учир Аннад нэг ч найз байсангүй. Түлдэг шингэн асгасан Альбус Дамблдортой таарах хүртлээ. Анна Альбусд сайн болчихсон хэр...