Миний хонгорхон Хао Вүи 8

1K 183 9
                                    

Хао Вүи нэг залуутай үерхдэг байлаа. Тэр нь биднээс дөрвөөр ах байсан болохоор биднийг ахлах сургуульд байхад тэр их сургуульд сурдаг байв. Тэдний эцэг эх нь хоорондоо дотно тул заримдаа бүр худууд шиг загнадаг байв. Найз залуу нь их эрхлүүлдэг байсан болохоор Хао Вүи дэндүү дураараа, хөөр баясалтай охин байсан. Гэтэл ахлах сургуульд ордог жил найз залуу нь салахыг хүсэв.

Хао Вүи сэтгэлээр унаж маш их жин хассан. Хагас сар сулбайж явсны эцэст тэр нэг орой над руу залгаад маргааш нь хуучин найз залуутайгаа нухацтай яриа хийхээр шийдсэн тухайгаа надад хэлэв. Эцэст нь тэр надаас болгоомжлонгуй ингэж асуув.

-Чи нүүрээ яаж будахыг мэдэх үү?

Мэдээж би мэддэггүй байсан. Тэгээд түүнээс яагаад нүүрээ будах гээд байгааг нь асуув.

Тэр "Хамгийн хөөрхнөөрөө харагдах гэсэн юм." гэж хариулсан.

Үр дүнд нь тэр маргааш нь ээжийнхээ будагны цүнхийг хулгайлаад манай гэрт ирэв. Бүхэл өдөржин нүүрний будгаар туршилт хийсний дүнд бид нүүрийг нь будаж чадсан нь бидний хувьд ёстой хөөрхөн байсан ч, үнэн хэрэгтээ муухай болгочихсон байлаа. Би түүнийг Хятадын Парис Хилтон гэж, тэр намайг Эх газрын Гуэй Лүнмэй (Тайван жүжигчин) гэж нэгнийгээ магтацгааж байв. Бидний хажууд сууж байсан Гуанчао сонсож тэсэлгүй охидын нөхөрлөлийн худлааг гайхаж байгаагаа хүртэл хэлсэн.

Би түүнийг эмэгтэйчүүдийн нөхөрлөлийн талаар юу ч мэдэхгүй гэж унтууцлаа. Бидэнд яагаад эмэгтэй сайн найз хэрэгтэй вэ? Тэгж байж л бид дэмий хүслээ гүйцээнэ шүү дээ. Тэгээд Хятадын Парис хуучин найз залуутайгаа яриа хийхээр явав. Юу болсон талаар тод санахгүй байгаа ч, Хао Вүи гэртээ харихгүй гэж жаахан хүүхэд шиг чарлаад л дууссан. Тэгээд найз залуу нь утаснаас нь миний дугаарыг олж авч л дээ. Харин би түүнийг авахаар Гуанчаог дагуулж явав.

Би тэр шөнийг одоо ч санадаг. Хао Вүиг голын хажуунаас олоход гадаа их харанхуй бас салхитай байсан. Түүний үс нь арзайчихсан уйлаад л байсан. Түрхсэн будаг нь урсаад нүүр нь яг зураачын палет шиг харагдсан. Гуанчао бүр голоос лус гараад ирлээ гэж бодсондоо өвдөг нь сулраад золтой л уначихаагүй.

Түүний хуучин найз залуу нь боломжгүй зүйл хүссэн байж л дээ. Хэрвээ Хао Вүи төрсөн өдрөөс нь өмнө 9999 азын од хийж чадвал тэр түүнтэй буцааж нийлнэ гэж хэлж.

Гэтэл түүний төрсөн өдөр болоход долоо хоног ч хүрэхгүй хугацаа үлдсэн байв! Хао Вүи өдөр бүр од нугалж, би ч гэсэн түүнд туслах боллоо. Ангийн охидууд энэ талаар дуулаад бас л од нугалахад тусалж, нэг л мэдэхэд манай анги тэр чигээрээ од нугалалцаж байв! Эв хавьгүй, юм эвхэхдээ тааруу (Ф шиг) хүүхдүүд од тоолж, бидний ажил хэр явагдаж байгааг тайлагнадаг ч боллоо.

Тэр долоо хоног гайхалтай байсан. Хичээл дууссаныг зарлан хонх дуугарах бүрт манай анги ямар ч чимээгүй болно. Хэн ч гарч тоглохгүй. Бүгд доош тонгойж од нугалахын тулд чадлаараа хичээнэ. Бүгд Хао Вүид туслах гэсэн ганц зорилгын доор бид яаж нэгдэж байгааг хараад сэтгэл нь хөдөлцгөөж байв. Бид яг л тулаанаа хүлээн бэлэн болсон цэргүүд шиг л байсан.

Одоо хүртэл энэ зураглалыг төсөөлөх бүрт хачин санагддаг. Анги тэр чигээрээ нам гүм, бүгд доош тонгойчихсон, амандаа ямар нэг юм бувтнаад л. Сайн мэдэхгүй хүн бол ямар нэг зан үйл хийж байна л гэж харахаар байсан биз.

Эцэст нь түүний төрсөн өдрийн яг өмнөхөн 9999 азын од хийж амжсан юм. Хао Вүиг однуудаа хийх аварга том цэцгийн ваар худалдаж авсан. Хичээлийн дараа хүүхдүүд бүгдээрээ тойрч зогсоод нөгөө ваарыг дамжуулан однуудаа дүүргэцгээлээ. Ваарыг Хао Вүи дээр ирэхэд амсар хүртлээ одоор дүүрсэн байсан.

Хао Вүи ваараа аваад найз залуутайгаа уулзахаар явлаа. Хүсэлтийг нь биелүүлсэн байхыг хараад өнөөх залуу үнэхээр гайхсан ба тийм юм хүссэн нь ердөө Хао Вүид эргэж нийлэх нь ямар ч боломжгүй зүйл гэдгийг ойлгуулахын тулд байсан бөгөөд ингээд ирнэ гэж зүүдлээ ч үгүй явжээ. Тэгсэн ч, тэр хоёр салсан. Харин Хао Вүи тэр ваар дүүрэн оддыг гэр рүүгээ тэврээд буцахдаа жаахан ч атугай харамсаагүй гэдгээ хэлсэн юм.

Сүүлд биднийг ахлах сургуулийн гуравдугаар ангид ороход төгсөх ангийн нэг хүүхэд цус багадах өвчин туссан тул сургуулийн захирал тэр хүүхдэд хандив өгөхийн тулд сан босгохоор сургуулийг тэр чигээр нь дайчлав. Бид тэр ваартай однуудыг зарахыг санал болгосон. Хандивын өдөр ангийнхан маань бүгдээрээ Хао Вүитэй цуг ваар дүүрэн однуудаа аваад спортын талбайгаар тойроход хүмүүс бүгд л харц унагаж байсан.

Тэгтэл манай ангийн багш тэр ваартай оддыг аваад өрөөндөө тавьсан юм. Энэ жил ангийн хүүхдүүд түүн дээр очиход тэр однууд тэндээ байж л байсан гэж хэлсэн! Одоо бодоод байхад биднийг хамаг анхаарлаа од нугалахад төвлөрүүлж байсан тэр жил бид их олон хүнийг анхаарлыг татсан. Заримдаа од эвхэх дасгал хийж байгааг маань харахын тулд хүмүүс бүр манай ангиар шагайдаг байсан. Ангийн багш хүртэл бидний нэгдэж байгааг хараад сэтгэл хөдөлсөндөө яг л хараа орох шиг болсон байх. Тэр үед бага балчир байсан бид гэнэн ч байж, урам зоригоор ч дүүрэн байж. Бид сахилгагүй хэдий ч сайхан сэтгэлтэй байсан. Тэр л бидний сайн тал юм даа. 

Энэ дэлхий биш чи л надад таалагддагHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin