02.

1.3K 136 5
                                    

Тэр аагим халуун зун ч өнгөрч ээж бид хоёр эдлэн газартаа гачигдах зүйлгүй сайхан л суух болов. Би тэрний дараа сараас баллет болон жүжгийн дугуйланд явж өөрийгөө бага багаар бий болгож байв. Яахав бэлэвсэн эмийн хүүхэд гээд хэн ч надтай дотно нөхөрлөж байгаагүйгээс бусдаар би тэдэнд дээрэлхүүлэх юм уу шоглуулахгүйгээр дажгүй арван таван насыг зооглов. Харин арван таван наснаас минь хойших үед их л олон зүйл тохиолдсон юм даа.

Өдөр бүр л ээжийн минь намайг гэх харц хачин шаналантай болж буйг би анзаарсан ч асууж зүрхлэсэнгүй. Угаас битгий гэж гуйхад нь зөрүүдлэсээр байгаад баллетийн дугуйланд давхар явсан юм хойно. Уй гашууг нь тэнд буйг мэдсээр атлаа зөнгөөрөө л тэнд оччихсон хойно яалтай билээ дээ.

Нэг орой би бэлтгэлээ хийгээд юу ч үгүй хөлрөн, чийгтэж норсон хувцсаараа нүүрээ шудрахдаа байж боломгүй зүйл сонсож билээ.

: Тэр Аннад би ёстой дургүй. Шал хэрэггүй жижигхэн туранхай биетэй.

: Түүнээс хол байгаарай гэж ээж хэлсэн. Ээж нь бэлэвсэн мөртлөө театрын залуухан захирлыг урхидаад авсан гэж байна билээ.

: Би мэдээд байсан юм аа. Угаасаа худлаа гэмгүй царайтай тэрэнд нь багш нар хууртахыг яана!

: Манай Анна хамгийн сайн нь, хамгийн мундаг нь гээд л. Хэзээ байтлаа баллетийн ааш муутай хөгшин Виллям өөрийнх нь дугуйланд давхар явахыг зөвшөөрч байсан юм.

: Яах аргагүй Аннагийн тэр энгэр султай эх нь л театрын захирлаар тийм зүйл хийлгэсэн биз.

Бэлтгэлийн өрөөний минь хажуугаар өнгөрөх жүжгийн ангийхан минь надтай найзалдаггүй ч миний талаар ийнхүү бодож явдаг гэж ер санаагүй байсан би цохиулаад авах шиг л болов. Бэлэвсэн эм гэх нэрийг олон сонссон ч хорьмой хотой султай гэж огт дуулж байгаагүй би ээжийгээ өмөөрч дотроос минь нэг зүйл зураад л авах шиг болов. Тэр зурагдсан зүйлийн дараа нь гал авалцах шиг мэдрэгдэж дотор минь бачуураад байж суухын аргагүй болгов. Тэр үед би анх удаа уурлаж бухимдсан нь энэ байв.

Хөлстэй хувцсаа ч солилгүй гэртээ хар хурдаараа харьж иртэл ээж минь хэдий нь ээ орондоо орчихсон байж байв. Өдөр бүр намайг ирэхийг хүлээгээд суудаг ээжийгээ орондоо орчихсон байхыг хараад гайхаж зогстол нөгөө өрөөнөөс Маттью ах цагаан даавуу, хувинтай ус барьсаар ороод ирэх нь тэр. Тэрхэн мөчид дотор улам л бачуурч өнөөх хүүхдүүдийн үг худлаа байлгүй дээ хэмээн итгэж ядан хачин жигтэй мэдрэмжинд автав. Тэгтэл үнэн хэрэгтээ ээж минь өвдсөн нь тэр байлаа.

Тэгээд тэр жилийн хавар ээж минь хэвтэрт орж би жүжгийн дугуйлангаасаа гарч түүнд илүү их анхаарал тавихыг хичээх болов. Гэсэн ч би ч тэр, Маттью ахын хөлсөлсөн эмч ч тэр ээжийг минь энэ хорвоод удаан торгоож чадсангүй. Ингээд л би арван долоон нас дөнгөж хүрмэгцээ бүтэн өнчин болов.

Маттью ах намайг өргөж авъя гэсэн ч би татгалзсан юм. Учир нь тэр шөнө ээж минь Маттью ахыг эцсийн хүчээ шавхан түлхээд уйлан хэлсэн үгийг би сонсчихсон.

"Маттью ухаан ороод өгөөч! Чи хэдий болтол бэлэвсэн хүүхэнг хайрлаж амьдралаа үгүй хийх юм. Тэр нь бүр ази хүүхэн шүү. Би одоо өвчтэй, удахгүй үхнэ. Гэтэл намайг хаяад явахгүй яах гээд миний хажууд байгаад байгаа юм. Би хуулийн хүрээнд чамд ямар ч хамаагүй хүн. Биднийг орхиод яваач!...

Маттью...Яагаад? Яагаад ийм сайн хүн юм бэ?"

Annie🌊

Үйл явдал нь бүгд миний толгойноос гарсан бодол тул бодит биш гэдгийг анхааруулъя!
1950-70-аад оны Америкийн аж амьдралыг харуулах ч энэ хэцүү цөвүүн цаг үед гэнэн хонгор ааш аягаа хадгалан өссөн Анна охины тухай эхний хэдэн хэсэгт гарна. Мэдээж тэр үеийн нийгмийг мэдэх нэгэнд энэ бүхэн боломжгүй худал санагдаж болох тул би үгүйсгэхгүй. Та бүхэн өөр өөрсдийн л хандлагаараа л тунгаана биз ээ.

Mid JulyWhere stories live. Discover now