Долоо хоногын дараа бид Нью Йорк руу нүүнэ. Тэр болтол Тэхён үлдсэн зүйлээ цэгцлээд явахдаа бэлдэх юм. Ямар ажил хийдгийг нь мэдэхгүй ч өдөр бүр ажилдаа явахаар хувцасласан түүнийг харахад тэр бизнес эрхлэгч эсвэл ямар нэг байгууллагын захирал л байх. Гэхдээ нэг зүйл гэвэл тэр Оттогоос илүү баян гэдэг нь л тодорхой. Амьдарч буй харш, эдлэн газар гээд бүгд маш том бас үнэтэй зүйлсээр дүүрэн.
Орой нь тэр жоохон ундууцсан маягтай орж ирээд зангиагаа шидэхийг нь харав. Харин би өнөөдөр энгийн хувцаслаж нүүрээ будалгүй оройн зоогын ширээнд түүнийг хүлээнэ. Тэр орж ирчихээд намайг хараад нэг хөмсгөө өргөж мушийснаа дуугүй л хоолоо идэв. Ихэнх үед бид хоорондоо ойр зуурын зүйлсээс илүүг ярилцдаггүй. Хэн хэн нь бие биенийхээ талаар мэдэх гэж яараад байдаггүй. Угаас тэр хүний талаар мэдээд эхлэчихвэл өөрийнхөө амьдралд оруулна л гэсэн үг шүү дээ. Түүний талаар бодоод л, санаа зовниод л, хүлээж сууна гэдэг юутай уй гашуу. Би ээжийгээ үргэлж аавыг амилаад босоод ирэх болов уу гэж найдлага тавихыг нь харж өссөн тул тийм зүйл өөр дээрээ тохиолдуулахыг хүсэхгүй байв. Харин Тэхён үргэлж л ганцаараа байсан мэт өөрийн орон зайдаа хэн нэгнийг халгаадаггүй байсаар бид бүхэл бүтэн зургаан сар цуг амьдарч, би Парист ирээд нэг жил болсон байв. Их удаан урсаж өнгөрсөн энэ жилд би Парисыг ч үзэж амжаагүй юм байна шүү дээ. Ердөө л цагын ажлууд бас Тэхёны харшид өнгөрөөсөн цаг хугацаа намайг тойрон эргэлдэнэ. Үргэлж л түүний авчирсан шинэ хувцаснуудыг өмсөөд өөрийгөө гоёж харшаар нэг дуулж бүжин дэгддэг байж билээ. Тэгэх бүрт хатагтай Маргарит алга ташаад л инээмсэглэнэ.
---
Эйфелийн цамхаг доор инээмсэглэн зогсохдоо би хязгааргүй их баяртай байлаа. Удахгүй явах болсондоо ч тэр үү эсвэл Тэхёнтой ингэж зугаалж байгаа даа ч юм уу туйлын сэтгэл хангалуун байхад Тэхён харин юу ч болоогүй юм шиг зүлгэн дээр суугаад намайг ажих юм. Түүний юу боддогыг мэдэхгүй ч өнөөх санаа зовоод байсан ажлууд нь дууссан бололтой их л амгалан харагдана.
Үнэндээ түүнийг амьдралдаа оруулахгүй байя гэж хичээсэн ч аль гурван жилийн өмнө миний бодолд үүрлэчихсэн бяцхан дэгдээхэй одоо хэдий нь том болчихсоныг би анзаараагүй амьдарсаар ирсэн байлаа. Одоо хэдий нь түүнийг хөөж явуулах эсвэл үл тооход оройтсоныг би энэ өдөр л ойлгосон юм. Өдөржин Парисаар зугаалахдаа түүнийг сэмхэн ажиглаж, хааяахан дэггүй бодлууд гүйлдэж, инээвэл дагаж инээмсэглээд л...би хэдий нь ээ түүнийг өөрийн бодолд, амьдралдаа оруулчихсан байв. Энэ дурлал эсвэл хайрын аль нь ч биш.
Энэ бол миний ээжээсээ бас өөрөөсөө өөр хүнд итгэж бас найдаж буй анхны явдал.
Итгэл найдвар минь...
YOU ARE READING
Mid July
FanfictionДолдугаар сарын ид дунд бид өөрсдийн эдлэнгийнхээ усан санд хөгжилдөн, дарс шимж зуны аагим халууныг тааламжтайгаар мэдэрч байсан тэр үед үргэлж өөрсдийгөө залуу бас халуухан байх юм шиг санадаг байж билээ. Credits to Annie_1230