Эрэг дээр хүрч ирэхэд хөлөг онгоц нь байрандаа байх нь харагдах агаад Хвасоны санаа амрах шиг болов. Тэрээр гүйхээ больж аяархан гэтэн алхсаар хөлөг онгоц дээрээ гарч ирлээ. Нүдээ гүйлгэсээр өөрийнх нь нууцаар юм сэдэж хулгайч шиг сэм сэмхэн гэтэж яваа эхнэрээ хайсаар эцэст нь түүнийг олж хараад гайхан гацав. Гүнж хөлөг дээр байсан хоосон том модон хайрцгийг хөлгийн дарвуул нь доор тавьсан байх бөгөөд өөрөө дээр нь гараад зогсчихсон цаашаа хараад юм хийж байх нь тэр.
Түүнийг юу хийж байгааг мэдэх санаатай Хвасон өлмий дээрээ гэтсээр ойртох бөгөөд гүнжийн хөлд гэнэт хүрч гүнжийг цочоож орхив. Гэнэт цочсондоо зүүгээрээ хуруугаа хатгасан гүнж ёолсоор эргэж харан өөрийг нь цочоосон хүн рүү муухай харлаа. Хэргийн эзэн Хвасон болохыг харсан гүнжийн харц зөөлөрч харин Хвасон харц ширүүсэж байх аж. Тэрээр түргэн хөдлөн гүнжийн цус гарах хурууг амандаа хийгээд цусыг нь сорох нь гүнжийг балмагдуулна.
Хвасон нэг гараараа эхнэрээ ядах юмгүй өргөн доош буулгах гэхэд гүнж рефлексээрээ нөхрийнхөө хүзүүгээр тэврэв. Хөл нь шаланд хүрмэгц гүнжийн санаа амарч Хвасоноос холдож зогсох бол Хвасон гүнж рүү нэг хараад түүний оёж байсан дарвуул руу нэг харлаа. Түүнийг юу бодож байгааг үл тааж чадах гүнж хуруугаараа хөлгийн дарвуул заагаад "Нөгөө тэр хэсэг нь урагдчихсан байхаар нь нөхөж оёсон юм" гэж тайлбарлахад хөлгийн ахмад ёжтой инээмсэглээд "Оёж янзалж тавьж байгаад хөлгийг минь хулгайлаад зугтах нь уу?"
Түүнийг ингэж асуухад гүнж өөрийг нь буруу ойлгож хардаж сэрдсэнд айх биш харин ч нүүрэнд нь доромжлол хүртсэн мэт царай тодорч тэрээр хоёр гараа зөрүүлэн элгээ тэврээд "Сүүлийн үед яагаад намайг сэжигтэн мэт ингэж аашлаад байгааг чинь мэдэхгүй ч би хүний юм хулгайлаад зугтах нэгэн биш" хэмээн өөрийгөө өмгөөлөн "Тэглээ ч хөлгийг чинь авч зугтлаа гэж бодоход би ганцаараа үүнийг залаад явж чадна гэж үү?" ийн асуугаад өөдөөс нь харах далайн дээрэмчин ямар ч үндэслэлгүй зүйл дээр өөрийг нь гүтгэж байгаад бухимдах аж.
"Өөрөө сэжигтэй ар нуруунаас хутга шаах гээд байгаа юм шиг аашлаагүй байсан бол би ингэж хандахгүй байсан шүү дээ" гэж сануулсан аястай хэлээд гүнжийг дагуулан хөлгийн тавцан дээр тухлан суулаа. Саяхан л өөрийг нь гэмт хэрэгтэн шиг хөөж элдээд байсан нөхөр нь яг одоо өөрөөсөө гаргаж байгаагүй зөөлхөн үйлдлээр хамт суухыг урьж байгааг хараад Юүи гайхаж байлаа.
Тэд тухлан далайг ширтэн суухад гүнж санаа алдаад өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөн "Өдөр сохор гэж дуудсанд уучлаарай" гэж чин сэтгэлээсээ гэмшин уучлалт гуйхад Хвасон түүний үгэнд шархлаагүй мэт "Чамайг сэжиглэж итгээгүйд уучлалт гуйна гэж бодож байгаа бол эртхэн шиг наад бодлоо хаясан дээр шүү" гэх үгсийг сонсоод гүнж инээж эхлэх нь тэр. Мэдээж энэ чинь Хвасон шүү дээ түүнээс юу хүлээх билээ дээ?
YOU ARE READING
Pirate King
Fantasía[Mongolian Fic] Long Journey: Pirate King Догшин далайн дээрэмчин ба дөлгөөхөн гүнж хоёрын адал явдал...