28. "Цуу яриа"

1.2K 159 10
                                    


"Хаантаан! Өршөөж хайрла. Хэн ийм байж боломгүй зүйлс ярьсныг бид даруй олж мэдэх болно" Сүүлийн үед газар аваад байгаа цуу яриа бол хатны тухай байлаа. Хатан хэдий хоёр хүүхэд төрүүлсэн боловч, хунтайж нар ордонд төрөөгүй үүнээс гадна хатан халуун усанд орохдоо үргэлж ганцаар ордгоос эхлээд, хатан өөрийн ямар ч шивэгчинд биеэ үзүүлдэггүй, хөл хүнд байхдаа ордны оточид нэг ч удаа үзүүлээгүй гэсэн цуурхал ордноор нэг цуурч, даамжирсаар хатныг эр хүн байж мэдэх юм гэсэн яриа гарсан байлаа.

"Хэн ийм зүйл чалчаад яваад байгаа юм? Хаан намайг тэнэг хэмээн санаа юу? Би хатныхаа эрэгтэй, эсвэл эмэгтэй гэдгийг ч мэдэхгүй гэж бодоо юу?... Энэ хэргийн ард хэн байгааг олж тогтоо. Тэр хүн зөвхөн хатныг бус, хааны гэр бүлийг доромжилсон хүнд гэмт хэрэгтэн учраас үтэр түргэн энэ цуурхлын эзнийг ол" хэмээн хатуухан тушаал буулгаллаа.

Хааны ордонд хоёр шивэгчин хэн нэгний өргөө рүү харж зогсон шивнэлдэж байлаа. "Түүнийг эрэгтэй гэсэн цуу яриа гарсан лээ"

"Байж боломгүй зүйлс ярьж байгаад толгойгүй болохвий. Хаан ихэд хилгэнсэн гэж дуулсан юм байна"

Гэхэд өнөөх нь, "Үнэний ортой учраас л яриа гардаг юм" гэж айлгүйхэн инээмсэглэв. "Шивэгчин та Жон хатантай шөнийг өнгөрөөж үзээ юу?" гэнэт ард нь, ийн дугарахад хоёр шивэгчид ихэд цочирдон эргэж хараад, уулга алдахын сацуу газар сөгдөн мөргөлөө. "Хаантан бид үхэх ял хийлээ" өршөөл эрэн дотроо залбирахдаа тэд амь үлдэх эсэхдээ үнэхээр эргэлзэж байв. "Сая та хоёр ямар болчимгүй зүйл ярьж байснаа мэдэж байна уу? Би ухаан дутуу хүн мэт харагдаж байна уу?"

"Үгүй дээ... Үгүй хаантаан. Биднийг өршөө..." хариуд нь хаан, "Тэгвэл намайг өдий хүртэл өөрийнхөө хатантай шөнийг өнгөрөөж үзээгүй гэж санаа юу? Эсвэл та хоёр хатан бид хоёрын шөнө хэрхэн өнгөрдгийг өөрсдийн нүдээр харж байж, ийм болчимгүй зүйлс ярихаа зогсоох уу?" гэлээ. Хэлэх үггүй болсон шивэгчид, "Амь өршөө, амь өршөө хаантаан.... Бид буруу зүйл хийжээ" хэмээнэ.

"Та хоёрын амийг өршөөх ганц арга надад бий. Хэн энэ тухай чалчиж эхлэснийг надад хэл. Тэгэх аваас би та хоёрын амийг өршөөе. Хэрэв буруу хүнийг хэлж өгөх  аваас та хоёрыг хааны гэр бүлийг дорд үзсэн, худал хэлж хаанд үнэнчээр зүтгээгүй хэмээн хэрэг үүсгэх болгоно. Хэнээс үүдэлтэй яриа болохыг олж мэдээд надад мэдэгд." тэднийг явсны дараа хаан хоёр шивэгчиний араас өөрийн тайгныг явууллаа. Харин дараа нь санаа алдсаар их өргөө рүү оров. Хатан судар уншин сууж байлаа.

"Хүүхдүүд хаана байгаа юм?" гэж хааныг асуухад, "Хөвгүүд бичгийн эрдмийн хичээл дээрээ, гүнж уншлага хийхээр явсан" хэмээн хариулчихаад үргэлжлүүлэн судартаа анхаарлаа хандуулав. Хаан хатныг сайн мэднэ түүний сэтгэл санаа тавгүйрхэх үед тэр ийм дуу цөөтэй болчихдог билээ. Хаан тойрч очин хатны хойно суугаад, бэлхүүсээр нь тэврэв. "Уучилж өршөө хатан минь, хамгаалж чадаагүйд уучлаарай" гэлээ.

Өдөржин судраасаа огт нүдээ салгаагүй хатан судраа хааж цааш тавиад, "Үнэн ямагт дэлгэгддэг жамтай хаантаан. Бүх насаараа нууж чадах худал хуурмаг гэж үгүй бололтой. Тэнгэр нурсан ч, газар хагарсан ч ганц үнэн зүйл бол миний эр хүн гэх шүү дээ.  Магадгүй би хангалттай жаргал эдэлсэн юм болов уу? Худал хуурмагаар олж авсан алдар нэр, цол хэргэмний минь хугацаа дууссан байж мэдэх юм.." хэмээн нулимс дуслуулав. Уйлж буй төрхөө хаанд мэдэгдэхгүйг хичээсэн ч, урсаж байгаа нулимсыг нь хаан хэдийн анзаарч харжээ.

"Чиний минь юу ч худал хуурмаг байгаагүй. Хатны минь бүх зүйл надад ямагт үнэн байсаар ирсэн. Надад хатны гадаад төрх таалагдсан боловч, би дотоод хүнд чинь сэтгэл алдарсан. Хатан гадаад төрхөөрөө олныг татдаг боловч, улсынхаа төлөө хийсэн зүйлсээрээ ард түмэнд хайрлагдсан. Чамд минь худал хуурмаг зүйл байна гэж би огтхон ч бодож байгаагүй. Хэрэв чи худал хуурмагаар дүүрэн нэгэн байсан бол бурхан хүртэл бидэнд үр хүүхэд заяах болов уу?" хааны үгсэд хатан багагүй тайвширсан чадлаа. "Санаа амар бай. Би хэрэгтнийг заавал олох болно оо"

"Хэрэгтэй гэнэ шүү, үнэнийг л олж мэдсэн хүн ямар буруутай гэж?"

"Хүний амьдралд мэдэж болохгүй үнэн. Ярьж болохгүй зүйл гэж бий. Тийм учраас, тэр хүнийг заавал олж хариуцлагыг нь хүлээлгэх болохоор, хатан та хүүхдүүдээ бодоод ч болтугай хүчтэй байх тун. Миний эхнэр инээмсэглэж байгаасай хэмээн би хүсэж байна. " гээд хатныг үнсээд хацрыг нь зөөлөн илбэллээ.












...

The King's MaleTempat cerita menjadi hidup. Temukan sekarang