-SORROWFUL-
"Байна уу?" ирснээсээ хойш цөөн хэд л ярьсан аавтайгаа ярьж буй минь энэ. Энд бараг л нэг жилийн нүүрийг үзэх гэж байж, яриагүй шахуу болохоор их л баяртай байлаа.
"Сайн уу, миний охин. Удаан яриагүй юм байна. Хэр байна даа?" хэмээн их л урайлгахан асуухад нь инээсээр "Дажгүй байгаа. Аль хэдийн дасчихсан болохоор бүх юм нь л амар байна. Эмээ өвөөгийн бие сайн уу? Яриагүй их удаж."
Аав ч нүдээрээ инээсээр "Эмээ өвөө нь сайн. Дараа тэгж байгаад ярихгүй юу. Чамайг санасан л хүмүүс байна лээ." гэх бөгөөд би хэр их санаснаа сая л санах шиг болж нүдэнд нулимс цийлгэнэнэ.
"Дүүгээ харах уу?"
Дүү... Дүрсэлж хэлэхэд хэцүү юм. Миний хувьд дүү гэж хэлэхэд хэт гуниг төрүүлэм тийм зүйл. Анх дүүтэй болчихоод ангийнхандаа хэлэхэд, "Ээж чинь Америкаас ирчихээ юу?" мэтийн зүйлс ярьж, баяр хүргэсэн. Хэдий тэр үед би инээж байснаа санадаг ч, дотроо уйлж байснаа мэддэг юм. Энэ ийм л хэцүү. Хоёр хуваагдчихсан амьдралыг нэг мэт л яриад, худал инээн байж, хуурамч түүх зохиох. Би тэр үед гэр бүлээ ярихгүй байсан нь дээр юм байна гэж бодсон юм даг.
Би "За." гэж хэлэхэд дөнгөж дөрвөн насны босгыг давсан дүүгээ хараад "Том болчихжээ." л гэж хэлсэн. Өөр юу ч хэлх билээ дээ. Яг үнэндээ би дүү гээд байгаа энэ хүндээ тийм ч дуртай биш. Миний санахын намайг "Миний охин" гэж хэр барагтай дууддаггүй аав минь, шинэхэн дүүг минь "Миний хүү" гээд хайрлаж басхүү бусдад гайхуулан, төсөөлөлд минь л биелэлээ олсон тэр их хайр халамжийг зүгээр л хүртэж байсан нь миний дүргүйг хүргэсэн хэрэг.
YOU ARE READING
[Completed] Nøthing.
General FictionБурхан өөрийгөө байгааг хүмүүст мэдрүүлэхийг хүссэндээ л зовлонг бүтээж, төгс төгөлдөр гэх нэрийг оргүй хоосон болгосон гэдэг. Хүмүүний амьдралд эхний даваа болсон гэр бүл гэгч нь төгс заяадаггүй нь бурханы бас нэгэн бэлэг гэлтэй. - © Purplsky.