"Өмнө нь ингэж үзээгүй ч би яг одоо энэ их амжилтанд хүрч чадсан эгчдээ зориулан сэтгэлийн үгээ хэлэхийг хүссэн юм..."
Жонгүг эгч рүүгээ хандан "Миний төрсөн эгч... Түүний жинхэнэ нэрийг Жон Жэхи гэдэг. Намайг ухаан орох үеэс л миний мэдэх хамгийн цовоо сэргэлэн, үзэсгэлэнтэй охин байсан түүний ертөнц хэний ч гар хүрч сэв суулгаагүй ариухан орон зай байлаа. Түүний үзэл бодол, төсөөлөл хийгээд зан чанар, авьяас чадвар нь хязгаар гэдгийг үл мэдэх тийм л өвөрмөц... содон байсан юм. Өдрийн талыг надтай тоглож өнгөрөөгөөд нар бууж эхлэхэд өрөөндөө орон зургаа зураад суучихдаг байсан төрсөн эгчдээ би хэнээс ч илүү хайртай."
Жэссикагын нүдэнд нулимс цийлэгнэх нь үзэгдэж зочдын сэтгэл хөдөлсөн бололтой бүгд тайзан дээрх залууг анхааралтай сонсож байлаа.
"Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам эгчийн минь цагаан цаас шиг сэтгэлд сэв сууж эхэлсэн. Бидний ээж загварын ертөнцөд амжилтанд хүрч эхэлсэн тэр үеэс. Бидний дуртай гэх зүйлс арчигдан алга болж, оронд нь хийж ёстой зүйлсээр өдөр хоногууд хэмжигдэж эхэлсэн тэр үеэс би балчирхан ч гэлээ эгчийгээ унтарч байгааг ажиглаж байсан юм. Чадах ёстойг тулгаж, чадахгүй байх тусам зэмлэн хатуу үгсээр мохоох аав ээж хоёрын минь алдаа миний эгчийг худалч болгочихсон."
Танхимд цугласан зочид сүүлийн үгийг ойлгож ядан нэгэн рүүгээ харахтай зэрэгцээд Жэссика царай нь барайсаар тайз руу алхтал түүний бугуйнаас хэн нэгэн татах нь тэр.
"Тэхён-!" Амандаа бувтнан гараа татахад Тэхён инээмсэглээд "Дүүгийнхээ үгийг таслах гээгүй л гэж найдъя."
Жонгүг ямар ч саадгүй яриагаа үргэлжлүүлж,
"Түүнд буруу байгаагүй ээ. Эгч минь хийхийг хүсээгүй зүйлийнхээ төлөө хурц үгсээр сийчүүлэх бүртээ цөхөрч байсан юм. Түүний хамгийн анхны худал ахлах сургуульд байхдаа сайн найзынхаа зурсан загварыг хулгайлж сургуульдаа нэгдүгээр байранд орсон тэр өдөр байсан. Аав түүний духан дээр тэр олон жилийн дараа үнсэхэд эгчийн харц гэрэлтэж байсныг санаж байна."
Жэссика гараа татахаа болин тайзан дээрх дүүгээ ширтсээр нулимс нь урсаж эхэллээ.
"Харин одоо бодоход тэр олон хутга шиг хурц үгс биш аавын ганцхан үнсэлт эгчийг минь хуурамч нэгэн болгочихсон бололтой. Ахин олон үнсэлтийг, өчнөөн магтаалыг хүсэхдээ эгч минь худал хэлсээр байсан байх... Тиймээ, бид бол худалчид... хулгайчид. Эцэг минь энэ олон жил загварын салбарт хуурамч гэрээг олноор нь хийж мөнгө завшсан баян нэгэн бол ээж минь тэр их хөрөнгийг үрж өгдөг эмэгтэй. Миний эгч бол зураач болохыг хүсдэг бяцхан охиноос загварын салбарт алдар нэр нь түгсэн зохион бүтээгч болсон эмэгтэй. Гэхдээ өдийг хүртэл түүний нэрээр бүтээгдсэн олон загварын нэг нь ч гараас нь гарсан бүтээл биш. Тэр энэ оргилд хүрэхийн тулд олон нууц эрхэмүүдийн авьяас чадварыг хулгайлж ирсэн эмэгтэй. Худалч, хулгайч. Харин би... Жон Жонгүг. Бүжигчин болох мөрөөдлөө загварын тайзаар сольсон залуу. Хулчгар амьтан. Бүхнийг дэргэдээс нь харж, эгчийгээ хамгаалж өгөхийн тулд олон гэм нүглийг бусдад хийсэн."
ВЫ ЧИТАЕТЕ
The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅
ФанфикЖилд 35 тэрбум гаруй ам.доллар эргэлддэг Өмнөд Солонгосын загварын салбарт гоц гойд мэдрэмж, авьяас эсвэл өвөрмөц төрх, гайхалтай биеийн галбиргүй бол өрсөлдөөнөөр дүүрэн энэ ертөнцийн оргилыг хүзүүгээ чилээн ёроолоос ширтэн зогсохоос өөр хувь тавил...