Ээжийнхээ зурагний өмнө өвдөглөн газар ширтсээр суух Жимин сүүлийн 4 цаг эндээс босоогүй. Тэдэн дээр ирэх цөөхөн хүмүүсийг үдэж явуулчихаад Жимин суусан бөгөөд доош харсан түүний царайг хэн ч харж чадахгүй ч газарт унах нулимс зогсолтгүй байлаа.
Түүний төлөө хичээж, түүний төлөө амьдарсан юм.
Уйлахыг хүссэн ч нулимсаа тэвчин ээжийгээ бодож хүч ордог байсан өдрүүд. Хоолойг нь сонсоод л ядарсан мэдрэмж үгүйрч, хөлсөө дуслуулан байж олсон мөнгөө ээждээ явуулвал мөрөн дээрээсээ хүндхэн ачаа буулгачихсан мэт санагдан сэтгэл тэнийдэг байлаа.Одоо байхгүй. Хэзээ ч явчихна гэж төсөөлөөгүй нэгэн нэг л өдөр эцсийн амьсгалаа агаарт замхруулаад яваад өгнө. Асар том орон зай эзгүйрэхэд үлдсэн амьдралынх нь турш салхи сийгнэ.
Эцсийн мөчид нь, өвдөөд нойр нь хулжсан тэр шөнүүдэд, хүүгээ санаад бэтгэрч байсан тэр цаг хугацаанд дэргэд нь байж өгөөгүйдээ Жимин өөрийгөө хэдэн мянган удаа хараагаад түүний сэтгэл нимгэрэхгүй. Өчнөөн ажиллаж, төчнөөн амжилтанд хүрлээ гээд яах юм? Эцсийн мөчид хүний харамсал жижигхэн зүйл дээр асар их төрдөг.
Өнөөдөр бол ээжийгээ эцсийн замд нь үдэж өгсөн өдөр. Жимин ингээд л амьдарч ирсэн утга учраа үүрд явахад нь салах ёс хийчихлээ. Түүнд амьдрал бэлэглэсэн нэгэнтэй, түүний аз жаргал хийгээд тайвшрал бүхнийг... Одоо түүнд өөр бодогдох зүйл байсангүй. Бүх л мэдрэмжээ, бүх л дурсамжаа алдчихсан мэт санагдана.
Юу ч үлдсэнгүй.
Ааваасаа ирэх дахин нэг дуудлагыг тасалж орхиод Тэхён Жиминий сууж байгаа өрөөний гадна ирлээ. Орох гээд ч чадалгүй хаалга налаад түүнийг ширтэх тэр бүх өдрүүдэд тэдэнтэй хамт байсан. Өчнөөн саяын гэрээтэй зураг авалтаа ардаа орхисон ч түүнд харамсах эсвэл айх зүйл байсангүй. Зөвхөн Пак Жиминийг энэ байдалд, энэ хэвээр нь үлдээж чадахгүй гэдгээ л тэр сайн мэдэж байв.
Жимин газраас өндийн эцэст нь босоход Тэхён түүнийг гөлрөн бодож байсан бодлоосоо салан хөмсөгөө өргөлөө. Жимин түүнийг олж хараад гайхсан бололтой ирсээр ам нээхэд түүний хоолой дэндүү сул дорой, ядарсан сонсогдоно.
"Чи одоо хүртэл яваагүй хэрэг үү?"
Уруул нь омголдон хатаж, царай нь өнгөө алдан нүднийх нь доогуур хөхөрсөн, түүнээс илүү харцанд нь мянган шаналал бугчихсан ч үсээрээ нууж орхисон Жиминийг хараад Тэхёний нүд хальтарч, сэтгэл нь өвдөнө.
ESTÁS LEYENDO
The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅
FanficЖилд 35 тэрбум гаруй ам.доллар эргэлддэг Өмнөд Солонгосын загварын салбарт гоц гойд мэдрэмж, авьяас эсвэл өвөрмөц төрх, гайхалтай биеийн галбиргүй бол өрсөлдөөнөөр дүүрэн энэ ертөнцийн оргилыг хүзүүгээ чилээн ёроолоос ширтэн зогсохоос өөр хувь тавил...