"Гараа тат!"
"Түүний цүнхийг үлдээгээд гэрээс минь гарч үз."
Тэхён Жонгүгийн бугуйг чангаар базах бөгөөд үг хэлэх бүрт нь энэ атгалт чангарч нүд нь улайсаар, судаснууд нь тодрон харагдах аж. Харин Жонгүг өвдсөн шинжгүй түүний өөдөөс зоригтойгоор эгцлэн ширтэх нь Тэхёний уурыг илүү хүргэх шиг. Тэдний дэргэд энэ бүгдийг эмээсэн харцаар ширтэн зогсох Жимин өөрийнхөө сонголтод эргэлзэж эхэллээ. Жонгүгтай хамт амьдрана гэдэг түүний хувьд төсөөлөхөд ч бэрх аз завшаан байсан юм.
Гэвч Жонгүг өөрийнхөө амаар түүнд сэтгэлээ илчилж, хамт амьдрах санал тавьсан шүү дээ. Үнэнийг хэлэхэд сүүлийн өдрүүдэд Жиминий амьдрал дахин нэг удаа орвонгоороо эргэж дэндүү олон гайхалтай зүйл тохиолдож эхэлсэн. Үүлэн дээгүүр нисэж буй мэт гэнэтхэн л асар их хэмжээний аз жаргал хийгээд догдлол, дааж давшгүй олон мэдрэмжүүд түүний зүрхэнд осолдчих шиг л болж заримдаа зүүд шиг гэвч эцэстээ бодит амьдрал гэдгийг бүх зүйл түүнд сануулна.
Толинд хараад "Жон Жонгүг надад сэтгэлтэй." хэмээн өөртөө шивнэж, өөрийгөө алгадаж ч үзээд эцэстээ тэнэг мэт улаа бутран инээмсэглэх Пак Жимин хэзээ ч ийм байгаагүй билээ. Өдөр бүрийг тэр ямар нэг зүйлд мансуурчихсан аятай өнгөрүүлж буй.
"Тэхён, гараа тавиад надтай ярилц."
Жимин тэдний дундуур ороод Тэхёний гарыг салгах гэж хичээхдээ нүд рүү нь харах ч хоёр араатан нэгнээ барих гээд отож байгаа мэт нэгэнтэйгээ орооцолдсон харцыг салгаж дөнгөсөнгүй. Тэд Жиминийг энд байхгүй мэт аяглах аж.
Тэхён эцэст нь ам нээхдээ дэндүү хүйтэн хоолойгоор зууран байж хэлсэн нь "Пак Жимин.. түүнд эндээс явахгүй гэдгээ хэл."
"Жимин түүнээс айлгүй өөрийн шийдвэрээ хэл."
Жонгүг ч бас өрсөн ам нээх ба Тэхёний харц улам ширүүсэхэд Жимин санаа алдсаар "Тэхён, хоёулхнаа ярилцъя."
"Ярилцах зүйл байхгүй. Чи эндээс явахгүй."
Тэхён бууж өгөхгүй гэдгээ сүүлийн байдлаар илэрхийлсэн нь энэ байлаа. Гэвч Жонгүг ч бас түүнтэй адил бодолтой байсан юм. Жимин тэдний тэмцэл ширүүсч нэгнээ гэмтээхвий гэхээс л хамгийн ихээр айж байсан юм.
Тэр эцэст нь залхсан байртай санаа алдсаар Жонгүгт хандан "Чи яв даа." гэх бөгөөд харин энэ удаад Жонгүг харцаа огцом Жиминий зүгт хандуулж гайхсан төрх тодруулан "Юу? Чи бодлоо өөрчилж байгаа хэрэг үү?"
ESTÁS LEYENDO
The Bronze III: 𝑬𝒏𝒅𝒍𝒆𝒔𝒔 𝑹𝒐𝒂𝒅
FanficЖилд 35 тэрбум гаруй ам.доллар эргэлддэг Өмнөд Солонгосын загварын салбарт гоц гойд мэдрэмж, авьяас эсвэл өвөрмөц төрх, гайхалтай биеийн галбиргүй бол өрсөлдөөнөөр дүүрэн энэ ертөнцийн оргилыг хүзүүгээ чилээн ёроолоос ширтэн зогсохоос өөр хувь тавил...