30. Найдвар ба үгээр илэрхийлэх боломжгүй зүйлс

1.6K 299 23
                                    

Хааж буй архины газар, хүнгүй болсон ширээнүүд, мөнгөө тоолох захирал, заалаа цэвэрлэх цагийн ажилтан Юнги. Урт өдөр өнгөрчээ. Өвөл тэг дундаа, 12 сар дуусах дөхөж шөнө хүйтэн хэвээрээ. Цагийн зүү 3 хэмээн зааж, Юнги сая ажлаа дуусгаад гарахдаа хүйтэн салхинаас хаширах мэт энгэрээ хооронд нь зөрүүлэн битүүмжлэнэ. Үс нь салхинд хийсэж, даруй даарсан хамар нь улааж орхилоо.

Гэсэн ч тэрээр хэн нэгнийг хараад хэсэг инээмсэглэв. Өөрлүү нь халахгүй байгаа тэр хүн газарт явган суучихаад гартаа барьсан саваа модоороо юу ч юм шороон дээр зурж, эсвэл бичнэ. Даарсан харагдах ч Юнгиг олж хараад инээмсэглэх түүний нэрийг тэрээр дотроо нандигнан дуудав.

- Жонгүк аа, юу хийж байгаа юм?

- Юу хийхэв. Таныг л хүлээж байна.

- Хүлээх хэрэггүй гэж хэлдэг биз дээ?

- Намайг үгэнд чинь орж байхыг хаана харсан юм?

Тэдний яриа иймэрхүү дотно танил, гэхдээ хоорондын зай хэзээд хол. Гараа сунгасан ч нэгэндээ хүрэхэд хэцүү тийм л зайтай инээлдэн алхана. Өвлийн шөнийн салхи нэвт үлээж, даарсан ч унаагүй хоёр залуу хоорондоо жиг жуг хийн алхсаар Юнгигийн гэрийн гадаа ирээд Жонгүк буцав.

Гэхдээ 4 хоног Жонгүк ахиж үзэгдсэнгүй. Хүнсний дэлгүүрийн цагийн ажлын үеэр нь заавал ирж, гоймон идэнгээ хичээлээ давтсангүй, хоолны газарт нь ирж оройн хоол идсэнгүй, архины газраасаа тарах үед хүлээж байдаг ч байсангүй. Хачин юм шүү. Юнги ганцаараа харьж чадахгүйдээ биш, айсандаа эсвэл ганцаардсандаа биш, ердөө л Жонгүк байхгүй болохоор хоосон санагдах өвлийн шөнө Юнги гэртээ биш өөр газарт хүрч очлоо.

Яг л бодсоноор нь Жонгүк өвдчихсөн хэвтэж, олигтой хоол эм тан ч байхгүй гэртээ ганцаараа бүгсэн болж таарахад Юнги уурлаж байв. Үргэлж өөрийнх нь хэрэгт дураараа оролцдог тэнэг жаал өөрөө хэцүү үедээ ганц ч үг хэлээгүйд нь. Юнгиг өвдчихлөө гэхэд хаанаасаа л олсон юм зутан шөл бариад ирдэг хэрнээ өөрөө өвдчихөөд "гоймон идсэн. Зүгээрээ" гэж инээхэд нь.

Замбараагүй хөглөрсөн Жонгүкийн гэрт, хөлс ханхалсан хөнжлийг нь хуулж аваад гадаа хэцэн дээр тохчихоод орж ирэх Юнги шалан дээр тэнэг хүн шиг өвдөгөө тэвэрч суугаад инээмсэглэх Жонгүкт хандаж хэлэв.

- Юмаа багла. Манайд очьё. Илүү өрөө байгааг мэднэ биз дээ? Хэсэгтээ тэнд бай. Санаа тавьхад амар байх бололтой. Энэ гэрт хүн улам өвдөхөөс эдгэрэх юм шиг харагдахгүй байна.

Virgin Boy (Дууссан)Where stories live. Discover now