Нар мандахтай уралдан босдог болсоноор хэдийн гурван жил өнгөрчихжээ. Их хотын дуу шуугианаас ангид гурван жилийг үдэж. Эцэг эхээ харалгүй гурван жил өнгөрсөн байна. Тэднийгээ алдсанаас хойш Английн жижиг тосгонд амар тайван аж төрөх эмээ өвөөгийндөө ирээд хэдийн гурван жил болчихож.
Жихүүн салхи, машины дуут дохио, хүмүүсийн амнаас урадан гарах хов үгс, утааны ихүүн үнэр, хажуугаар зөрөх хэн нэгний хурц үнэртэнтэй хослон дотор муухайруулах хөл хөдөлгөөн ихтэй хотоос эндэх хамаагүй дээр байсан юм.
Боссон дариудаа цонхоо нээхэд өглөөний цэнгэг агаар, шөнө орсон бороон дуслууд навчис дээр буун үнэртэх чийгийн анхилам үнэртэй холилдон уушги дүүргэх нь юу юунаас ч илүү тансаг санагдана. Өрөөнөөсөө цухуйх төдийд доод давхрын пийшингээс үнэртэх эмээгийн барьсан шинэхэн талхны үнэр хамар цоргиж байлаа.
"Жисүү, охин минь бууж ирээд цайгаа уу." навчин тамхинаас үүдэн бага зэрэг сөөнгөтсөн тослог хоолойгоор ширээний ард суун намайг дуудах өвөө төсөөлөлд минь тод гэхчинь үзэгдэж байв.
"Эмээ, та өнөөдөр ч бас шинэ талх бариа юу?"
"Тийм ээ, өдөр бүр л хийлэг шүү дээ, харин чи өдөр бүр л асуух юм. Эмээ нь эрт сэрчихээд байдаг учир ганц хийдэг ажил минь энэ юм чинь."
"Үлдсэн амьдралынхаа туршид өглөө бүр таныхаа хийсэн шинэхэн нарын боовыг иднэ гэвэл би юугаа ч өгөхөд бэлэн байдаг шүү."
"Энэ хүүхдийг дээ, за суугаад цайгаа уу, өглөөний цай юу юунаас илүү чухал байдаг юм."
"Ойлголоо, би идэж дуусчихаад уул руу гарч нар мандахыг харчихаад ирж болох уу?"
"Тэг дээ, яг арын уулнаас хичнээн сайхан харагддаг гээч. Эмээ өвөө хоёр нь залуудаа өглөө бүр л уул руу гарч нар мандахыг хардаг байлаа, гэхдээ болгоомжтой байхгүй бол заримдаа жижиг бутнуудаас могой гараад ирдэг юм, хортой шүү."
"Анхаарлаа сулруулахгүй ээ. Эмээ, тэгвэл би ингээд гарлаа шүү."
"Байз, үүнийг аваад яв, уулын оргилд гараад нар мандахыг харангаа идээрэй, чи сая аягатай сүүндээ ч хүрсэнгүй." хачиртай талх бэлдэн хоолны жижиг саванд хийгээд гадуур нь улаан эрээн даавуугаар ороон өгөх эмээ яг л ээжийг минь санагдуулж байлаа. Сургууль дээрээ өлсөнө гээд өглөө бүр эртлэн босчихоод өглөөний цайг минь бэлдээд явуулдаг байж билээ.
"Баярлалаа эмээ, би бага зэрэг удаж магадгүй шүү. Ирээд морьдоо хооллочих болохоор та гэртээ амарч байгаарай, дахиад л нуруу тань өвдчихвөл өвөө бид хоёрын л санаа зовно шүү дээ."
YOU ARE READING
Өгүүллэгийн тэмцээн.
Ngẫu nhiênБичвэр бичихийг хүсдэг болон бичдэг хэн бүхэнд өөрийнхөө чадварыг сорьж үзэх боломж олгож байна. MONGOLIAN WATTPADERS PAGE.