Сайн байна уу? Лана Жонн Вилсон байна. Юуны өмнө өөрт тань энэхүү захиа хүрэх өдрийн мэндийг хүргэе! Мөн уншиж буйд ч гүнээ талархъя. Үнэндээ анх удаагаа л захидал бичихийн тулд үзэг цаас нийлүүлэн сууж буй учраас яг юунаас эхлэх ёстойгоо сайн мэдэхгүй л байна. Гэвч ерөнхийдөө үүнийг сийрүүлэн бичих болсон шалтгаан нь тун энгийн. Туулж өнгөрсөн бүхнээ түүх болгон өгүүлэхийг хүссэн юм. Хэтэрхий богинохон амьдралын минь, хэтэрхий гашуун хэрнээ хэтэрхий чихэрлэг түүх, миний түүх.
Би өөрийгөө сайн эсхүл муу хүн, муу охин байсан гэж дүгнэж чадахгүй ээ, хэн ч юу ч гэж хэлсэн хамаа ч байхгүй. Би би-гээрээ л байсан, амьдарсан.
Миний хүүхэд нас бусдынх шиг тийм ч аз жаргалтай өнгөрөөгүй. Архинд толгойгоо мэдүүлсэн аав, үүнийг нь мэддэг хэрнээ үргэлж л мөнгө үлдээж, тэгчхээд арай ядан хэдэн цаас олж байхад тус ч байхгүй арчаагүй амьтан гэж намайг хараан үглэх тархигүй ээж. Нью-Йорк хотын зах дахь хог новш, тоос шороондоо дарагдаж, өмхий самхай үнэр өдөр шөнөгүй ханхлах өргөн, нарийн гудамжнуудаар дүүрсэн энгийн л нэгэн ядуусын хороолол. Тэр л газарт би би болсон юм. Арван найман нас хүрдэг жилдээ ахлах сургуулиа арай ядан төгсчхөөд л гэрээсээ явж тухайн үедээ үерхэж байсан найз залуугийндаа амьдрах болсон ба над шиг амьдралтай хүний хувьд их сургууль байтугай коллеж гэх газар хэзээ ч хүрч чадахгүй тэртээд орших тэнгэрийн од, хүсээд ч хүрэхгүй ноён оргил юм шиг л санагддаг байлаа. Тэр нь ч үнэн байсан. Гэрээсээ явснаар миний амьдралд цохож хэлээд байх олигтой өөрчлөлт, хөгжил дэвшил огтхон ч гараагүй л дээ. Гэхдээ энэ миний арван найман жилийн туршид хийсэн бүхий л сонголтуудаас хамгийн зөв нь байсан юм. Учир нь би тэр л үед түүнтэй учирсан.
Зургадугаар сарын нэгэн намуухан хэрнээ бүгчим үдэш. Үдийн наран тэнгэрийн хаяанд улайран шаргалтаж, үүлс хүртэл огт үзэгдэхгүй, юунаас ч юм бэ дайжчихсан байсан үе. Арван есөн настай би амьдралыг зөвхөн зугаа цэнгэл гэж хардаг байсан үе. Тэр үдэш би жил гаран үерхсэн найз залуугаасаа салсан юм. Үнэнээ л хэлье, тэр салалт миний арван дөрөвтэйгөөсөө хойших бүх дуусгасан үерхлүүдээс хамгийн гутамшигтай нь байсан юм. Учир нь хэн бүхний харааг булаах хөөрхөн царай, тачаангуй биетэй би гэдэг хүн найз залуу маань араар минь тавьж байгааг мэдсэн юм. Товчхондоо би түүнд хууртагдчихсан гэсэн үг. Би тэднийг хаях ёстой болохоос биш, хаягдах ёсгүй. Энэ үг тэр үед бараг л миний уриа байсан байх. Тэнэг ч байж дээ. Дараа нь тэр миний араас ирж учир утгагүй баахан уучлал хүссэн үгс хэлсэн л дээ, гэхдээ би хариуд нь зүгээр духан дундуур нь дунд хуруу өгчихсөн. Захиан дээрээ ийм үг бичиж байгааг минь өршөөгөөрэй.
YOU ARE READING
Өгүүллэгийн тэмцээн.
RandomБичвэр бичихийг хүсдэг болон бичдэг хэн бүхэнд өөрийнхөө чадварыг сорьж үзэх боломж олгож байна. MONGOLIAN WATTPADERS PAGE.