"Хүсэл хясал оргилон буй хүний орчлонд юу хамгийн сайхан бэ?" хэмээн Са Энийг хэлэхэд бяцхан охин шавартай гараараа духандаа бурзайсан хөлсөө арчиж "Эрх чөлөө" гэлээ. Учир тунгаалгүй хэлсэн хариултад нь илт дургүйцсэн бүсгүй хулсан саваагаараа дорвитойхон ганц ороолгоод ширэв татав. Улайсч хорссон нуруугаа уйлагнан байж илбэх эл амьтанд түмэн учир бий. Түүнийг ямар ид шидтэй, яажшуухан усыг хөөргөх чадалтайг Са Эн гаргууд мэддэг бөгөөд ер бусын шинжид нь шунан дурласнаар бяцхан охиныг боол маягийн сурагчаа болсон билээ. Лю Жи өглөө биш үүр шөнийн гурван цагт босоод уулын оргил руу мацан, цуцан авирна. Тийн явчихаад уруудахдаа зүгээр ч ирэхгүй, дөрвөн хувин усыг ширхэг дуслыг ч газрын хөрсөнд буулгахгүйгээр эзэгтэйн нүүрээ угаадаг мөнгөн царанд хийж дүүргэх ёстой. Өдрийн наран нүд гялбуулах үест өөрийнхөө гоо дагинын байдалдаа нягт анхаарна. Үдийн наран зулай дээрээс шатлан төөнөхүйд Лю охин Са Эн эзэгтэйн хоолыг хийдэг ажээ. Гэвч өдөржин хонхолзон, агшсан атга хүрэхтэй үгүйтэй болсон жижигхэн ходоодоо бүрэнхий болоход л тал аяга будаагаар дүүргээд шавар ваар урлах ажилдаа ханцуй шамлана даа. Люд бурхнаас заяасан хосгүй авьяас бий. Гэхдээ чухам бурхан эс бол чөтгөрийн аль нь түүнийг сорлон бүтээснийг өчүүхэн өгүүлэгч би бээр хэлж мэдэхгүй ээ.
Са Эн хулсан саваагаа дэргэдээ авч тавиад "Чи өөрийгөө хэн гэдгийг мэдэх үү?" гэв. Охин цус шүүрч эхэлсэн нуруундаа нойтон даавуу тохож "Би бол..." гэснээ өвдөлтөндөө ёолсоор нулимс дуслууллаа."Гашуун нулимсандаа хахаж үхсэн хүн байдаг гэж чи дуулаа юу? Нулимс чамд бурам долоолгохгүй, нуухнаас чинь салгаж байхад ачлалгүй гэдэг нь!"
"Өршөөж хайрла Са Эн эзэгтэй"
Иймэрхүү ахуйг даван туулсаар туйлдаа хүрэхэд найман настай жигтэй охин арван есөн насны нандин өртөөн дээр хүрч ирэв.
Түүнийг хорьж цагдаж, хоолгүй хонуулдаг асан хатагтай Са Эн нэгэн өглөө баадантай юм тэвэрсээр түүний хэвтдэг бухалтай хашаанд орж "Лю!" хэмээн цуурай хадаан дуудлаа. Энэ өдөр бүсгүйг алс холыг аянд үдэж өгөх, амьдралын түүхэн мөч байсан. Люг чимээ дуулгахад тэр санчигандаа тогтсон буурал үсээ дээш шуун боогоод "Ярилцах нэн чухал зүйлтэй ирлээ" гэнэ. Баадантай баглаагаа өгснийхөө дараачаар хатагтай Са Эн мөнгөн тонгорогоо гарган шалавхан Люгийн цээжинд зоож орхив. Хутгалуулсан бүсгүйд амьсгал авах сөхөө байсангүй ээ. Газар үхэдхийн унахад хатагтай түүний цуснаас шилэн саванд цутган авч, шархан дээр нь дусал дуслаар асгахад төдөлгүй амь орон сэхлээ. Энэ явдлыг тэр хэзээ ч мартддаггүй бөгөөд эцэст нь Са Эний сургаалиас хэдийг толгойдоо цоожилж орхиод холын хол оргон одсон юм. Нарийн учигтаа түүнийг усны шулам хэмээсний үндсэнд боолоо болгон тэжээж, болчимгүй байлгахгүйн тулд хатагтай хамаг чадлаараа хичээсэн байлаа. Хатуу чандын суурийг тэр сургасан, хамгийн сэтгэл татам бүсгүйн дөрөөг тэр буй болгосон. Гэвч Люгийн хувьд амьдрал нь хэрхэн эргэж байгаа мөн цаашид хэрхэх эсэх нь хамаагүй болжээ. Үзэсгэлэнт Лю гэх нэрээр улсдаа алдаршсан тэнэмэл охиныг Са Эн явуулахыг эс хүсэв. Хуучны ёсоороо наян аргаар шал угаалгахын оронд амины гол утсыг найман аргаар төвөггүйхэн тастахыг зааж, хувин ус зөөлгөхийн оронд хуршсан цогцос уулын бэлд булуулж, шавар ваарыг сайхан хэлбэржүүлэхийн оронд сархад хүртэхдээ шинэхэн амийг хялбархан сорохыг эрдэм болгон заалаа. Усны шулам уршигтай гэж эгэл цустнууд шивнэлдэх авч, учиртай болоод энэ орчлонд төрсөн гэдгийг нарийн тунгаах чансаагүйн улмаас Люгийн гарт амиа алдсаар байв. Хаалга тогших, харчуулыг алах хоёр үйл ширхэг ч ялгаагүй болох үед тэр амьдралдаа чухам юуг хийж байгаагаа ойлгохоо больж, оршихуйн утга учраа алдсан юм.
YOU ARE READING
Өгүүллэгийн тэмцээн.
RandomБичвэр бичихийг хүсдэг болон бичдэг хэн бүхэнд өөрийнхөө чадварыг сорьж үзэх боломж олгож байна. MONGOLIAN WATTPADERS PAGE.