21》𝕿𝖍𝖊 𝖒𝖎𝖗𝖗𝖔𝖗.

221 13 10
                                    

191013.

      Толь шиг нимгэн атлаа гүнзгий бидний төрх мөн сэтгэл. Бүхий л зүйлс алган дээр минь мөртлөө биднээс асар хол.

       Дэлгэрч буй цэцэг шиг уруултай, алмааз эрдэнэ адил гялалзсан нүдтэй бүсгүй ирлээ, тэр суулаа. Эгц урдаас минь харахад хацар нь улаа бутран догдлонгуй байсан ч уруулаа час улаан сарнайн өнгөөр будав. Оо энгэсэг түрхээгүй атлаа тэр минь дэндүү дур булаам юм.

      Өчигдөрхөн бидэнд үлдээсэн гунигаа үргээхэд бид ч түүндээ аз жаргалыг хүсэн ерөөв. Хэн нэгэн инээх төдийд ямар их гунигаа далдалж чаддаг гээч.

       Нарны илч бууран дэлхийг сарны гэрлээс өөр юу ч үл дулаацуулах үед тэр эмэгтэй хөлөө дийлж ядсаар нааш ирлээ. Хэн нэгэн над руу хармагцаа хоолой нь зангирсаар сэтгэл өвтгөм үгсээ гашуун нулимстайгаа залгилав.

"Жинри, бид хэзээ өөрсдийгөө олох бол"

        Нулимсаа арай ядан арчихдаа өнөөх тод улаан будгаа гартаа няллаа. Одоо л тэр миний мэдэх бүсгүй болсон бололтой. Биднээс нүүрээ буруулан гол адил үерлэх гунигаа өөрөө өөрөөсөө нуудаг нэгэн... Гэвч өчүүхэн уй гунигаар түүний үзэсгэлэн гоо нь үл дарагдах юм.

     Маргааш болоход тэр багаа тайлмагц өөр нэгэн байх болов уу? Урьдын адил хэн нэгэн байх болов уу?

    Хэн хэн нь бяцхан таамгаа тээсээр маргааштай золгохоор зэхлээ. Маргааш рүү бүү хумигдан ороорой хайрт минь.

     Шөнө дунд болоход мэгшин уйлах дуу сонстоно. Хэтэрхий үзэсгэлэнтэй, хатан зоригтой нэгэн болохоор хааяахан түүнийг хүн гэдгийг нь мартчих юм. Бидний хэн нэгэн гэгчид сэтгэл байдаг гэдгийг улам л батлах шиг дуу нь улам чангарна.

"Би ганцаараа байхаас үнэхээр их айж байна."

     Ямартай ч тэр хэн нэгэн гэгч өөрийгөө үргэлж ганцаар байна гэж боддог байсан одоо ч тийнхүү сэтгэж байгаа. Түүний бодол асар богино.

     Орны хажууд байх шургуулганаас "нойрны эм" хэмээх цаастай эмийн хайрцгаас атган дүүрэн эм авав.

"Хэн нэгэн байх ямар гаслантайяа гээч"

     Тэрээр ийнхүү хэлмэгцээ эмээ гүд хийтэл усаар даруулан залгиад инээмсэглэнэ.

"Азаар би зүүдэндээ тэр гачланг үл мэдэрдэг."

     Дахин бид түүний бодлыг үгүйсгэх гэж байна. Хэн нэгэн гэдэг биднийг бүхэлд нь дүүргэгч, оршин буй минь утга учир шалтгаан тэр амьдрах ёстой.

    Дахин бид түүний бодлыг хүлээн зөвшөөрөх гэж байна. Тэр бүсгүй зовлон шаналал бус аз жаргалыг хүртэх эрхтэй.

191014.

    Тэр өнөөдөр оройтож сэрэх бололтой. Өчигдөр туулсан гунигаа мартан гүн нойрсож буй нь ашгүй дээ.

    Өдөр болсон ч тэр сэрсэнгүй. Хэн түүнийг минь ийм шаналал зовлонд унагачихсан юм бол. Магад өөрийн үйлийг үл хайхран өөрөөлийн мөр лүү өнгийгч л биз.

"Намгаас салан тэнгэр лүү дүүлээд ч бах мэлхий хэвээр байна."

    Хэдхэн сарын өмнө тэр ийнхүү надад хэлсэн бөгөөд ойлгомжгүй атлаа үзэсгэлэнтэй инээмсэглэлээрээ инээж байсансан. Тэр үед л би түүнд сэтгэл алдарч билээ.

      Өөгүй тансаг эмэгтэй бус эмзэг нандин дэлбээ шиг. Тэр турьхан мөртлөө өдөр бүр амьдрахын тулд тэмцэж байсан.

    Тэр миний доторх руу өндийн хардаг шиг бид түүний дотор луу өндийн харахдаа зөөлхөн тэврэлт өгөх байлаа.

     Хэзээ сэрэх бол? Хэзээ уйтгар гунигаасаа хагацах бол?

      Наран хэдийнэ буцсан ч тэр минь унтсан хэвээр. Түүний танил бололтой нэгэн хүн орж ирэхдээ нэрийг нь чангаар дуудан хашхирна.

      Хэдхэн хормын дотор сэтгэл түгшээм дуу нааш ирж буй нь сонсогдон зүс үл мэдэх хүмүүс орж ирэн хэн нэгэнг аваад гарав.

191015.

    Урд минь эвтэйхэн эвхэж тавьсан цаасыг хэн нэгэнтэй их л ижилхэн бүсгүй дэлгэн арай ядан тэсэж буй нулимсаа задруулах шиг боллоо.

    Хязгаар нь үл харагдах уудам ертөнцөд тэр минь дэндүү жоохон мөн гэнэн байсан. Гэвч жижиг биетэй хэн нэгэн гэгч бүсгүй гүн гүнзгий бодлуудуур биднийг дүүргэдэг.

" Амьдрал хэзээ ч миний мөрөөдсөн шиг, түүндээ тэмүүлсэн шиг сайхан байгаагүй. Алхам тутамд минь өргөс таарсан. Дусал ч нулимс урсгаагүй хэрнээ энэ өдөр би тоглоомонд бууж өглөө. Уучлаарай... "

      Энэ бол хэн нэгэн гэгчийн сүүлчийн гэмшил. Оршихуйгаа үлдээгээд явчихсандаа харамсаж буй алга дарам цаас. Ор байхгүй юм биш, тэр оршиж байгаа ч үл харагдаж байгаа хэрэг.

      Гэвч бид түүнгүйгээр нимгэн атлаа гүнзгий зүйл хэвээр үлдэх болно. Хэн нэгэн бол......

Өгүүллэгийн тэмцээн.Where stories live. Discover now