5》Сүүлчийн бодрол нисэн одоход.

315 22 14
                                        

Яс мах, бие цогцсыг бүрдүүлэгч, бүхнээс хүчит бурхан

Яагаад бидэнд мөнх нас бэлэглэхийг хүсээгүй юм бол?

Хэрвээ бид төгс төгөлдөр юм бол юунд үхдэг билээ.

Хэрвээ төгс бус юм бол хэн тэгээд гологдлыг бүтээсэн юм?

Омар Хайям.

      Хөл хөдөлгөөн үл тасрах Лондон хотын цаг агаар урьд урьдынхаас өөр, содон санагдана. Салхигүй тогтуун учир хөвсгөр цас эгц дээрээс алгуурхан бударч, халтар замыг цагаан өнгөөрөө халхлах юм гэнэ. Гялтганах цасан дээгүүр гишгэлэн зам хорооход гутлын хар мөр ард хоцорч, хүр хүр дуугарах нь сэтгэл гижигдэх шиг хэчнээн таатай.

      Гудамж чөлөө завгүй хүмүүсээр дүүрэн. Түүн дотроос нэгэн эмэгтэйг онцлон өгүүлэхээр шийднэм миний бие.

      Яриа минь дуусах үед энэхэн өгүүлэл түүх болон үлдээсэй гэж найдна. Гоц гойд тансаг дүрслэл, уран чимэг үгс хомс ч гэлээ, тус өгүүллийг хожим нэг дурсан санахад алдах зүйл чимх хэрээтэй. Ингээд өгүүлэгч би яриандаа оръё.

      Өвөл айлчлахаас өмнөхөн засаж бэлтгэсэн шинэ гудмаар нэгэн ахмад настан бөгтгөнөн, олны дунд онцгойрон харагдана. Нэг хөлийнх нь өвдөгний үе муудсан тул доголж, хазганах ч түүнд тоосон шинж ер алга. Харин ч сурцтай нь аргагүй зам мохоон, хаа нэг тийш яаравчлах юмсанжээ.

      Түүний нэрийг Линда Карен хэмээнэ. Одоогоор 70 насыг элээж яваа. Хүрэн шаргал үстэй ч дийлэнх хэсэг цагаарч, унаган үснийх нь өнгө мэдэгдэхээ больжээ. Түүний арьс үрчлээтэн нөсөөжиж, хэт унжсан зовхи нь төрөлхийн давхрааг нь улам бүр тод болгоно. Гэхдээ тэр одоо ч үзэсгэлэнтэй хэвээр. Дэрвэгэр сормуус, өтгөн хөмсөгтэй, хамар нь өндөр, тэгш. Харин уруул нь зузаан бас ягаанаараа.

      Тэрээр тод улаан өнгийн ноосон ороолтоор хүзүүгээ ороож, элэгдэж муудсан үстэй малгайгаар магнайгаа дулаалжээ. Өндөр түрийтэй хар арьсан гутлаа зүлгэж тосолсон нь тунчиг хээнцэр харагдуулна. Өвдөг шүргэх бор пальто нь зэврүүн агаараас хамгаалах ч Линдагийн өмссөн бүх зүйл нь уранхай, тиймдээ ч нөхөөс хийсэн ул мөр их. Гэхдээ хэн ч түүнийг эмтэрч муудсан хувцастай гэж үл харах ажээ.

      Уур амьсгал дулаахан боловч удах тусам Линдагийн ам хамар жиндэн, мойног гар нь чичрэх шиг болно. Тэр замын голд зогтусаад ноосон ороолтоосоо цухуйхдаа хацар нь чимчгэнэхийг мэдрэв. Санасныг бодвол хүйтэн байжээ гэж бодоод амнаасаа уур савсуулан, хүйтэн агаарыг шуналтай гэгч нь сорж, эргэн тойрноо анхааралтай ажиж эхэллээ. Явган хүний зам өргөн, том бөгөөд зүүн гар талд дугуйн бас машин тэрэгний хар замтай, харин баруун талд хийц сайтай барилгууд ярайн харагдана. Аргагүй л эртний барилгуудаараа алдартай Лондон хот доо гэх бахдалтай мэдрэмж сэтгэлийнх нь мухарт тодроход Линда нүдээрээ инээмсэглээд цааш алхав.

Өгүүллэгийн тэмцээн.Where stories live. Discover now