Инээх болгондоо ямар их нууцаа надад хэлж өгдгөө мэдэх үү? Инээмсэглэлийн цаана нуугдах сүүдэр чинь түүгээр тэжээгддэг болохоор хэдий чинээ их инээнэ, төдий чинээ их зовлон шаналал, өнгөрсөн бүхнийхээ гунигийг дэлгэдэг юм шүү дээ.
▪▪▪
Их сургуулийн урт хонгилоор алгуурхан алхаж явахад эргэн тойронд буй бүгд аз жаргалтай мэт харагдавч зөвхөн надад л энэ нь үгүйсгэгдэнэ.
Сурлагаараа тэргүүлдэг, бүхний хайрыг татсан эгдүүтэй охин яаж амьдардгийг хэн ч мэдэхгүй. Багш нарт дарамтлуулж, эцэг эхдээ ч нүд үзүүрлэгддэг тэр энэ бүхнээ инээгээд арччихдаг нь сонин. Гэвч инээлээ гээд илүү их өвдөхөөс биш алга болчихгүй.
Хөвгүүдийн унаж тусдаг дээд ангийн хөөрхөн эгч яагаад ийм үзэсгэлэнтэй гээч. Гаж ах нь найзуудтай нийлж мэс засал хийгээд нүүрийг нь оёчихсон юм. Үргэлж л инээнэ. Учир нь уйлах гэвэл нүүр нь урагдчихна шүү дээ.
Харин хааяа үг сольдог эрэгтэй найз маань өнчин. Эцэг эх нь хоёул харь улсын хүмүүс байсан болохоор хэл амнаас айж, хүүхдээ ойролцоох улсын асрамжийн газарт хаячихсан. Асрамжийн газар гэж нэрийдсэн аймшигт шоронд багагүй зовж, тэндээс зугтаад хэдэн жил нохой шиг амьдарсныг надаас өөр хэн ч мэдэхгүй. Тэр бас л инээдэг.
Тэд инээгээд жаргалтай, зовлонгүй юм шиг харагдаж болох ч сүүдрээ улам томруулсаар байгаагаа мэдэхгүй нь өрөвдөлтэй.
Бүгд надад энэ тухайгаа яриад байдаггүй. Зүгээр л над руу хараад инээсэн бүхний хар бараан дурсамж нь толгойд ороод ирдэг.
Үүний ачаар дэлхийн харанхуй талыг, хүн байхын гасланг бүхий л талаар нь мэдэрч байна.Ингэж бодсоор сургуулиас гарахын алдад хэн нэгэн миний нэрийг чангаар дуудав.
- "Огторгуй!"
Энэ залуу чинь хэн билээ? Зовлонгоо харуулсан хүмүүсийн нэг биш л байх юм.
Тэр хүүхэд шиг гэнэн цайлган инээдээр над руу инээхэд хацарт нь гүн гэгч нь хонхорхой үүснэ. Хачирхалтай нь түүний малийтлаа инээх энэ царайнаас би ямар ч нууц байтугай, зовсон дурсамжийг ч мэдсэнгүй.
Том гараараа над руу далласаар гүйж ирээд "Шинээр ирсэн оюутан юм л даа. Номын санч бүртгэлээ өөрт чинь өгөөрэй гэсэн." гэж дуржигнуулчхаад өөдөөс минь хэдэн хуудас цаас сарвайв. Бүртгэлийн хуудасны нэр бичих хэсгийг сөхөн харвал "Санчир" гэсэн байлаа.
YOU ARE READING
Өгүүллэгийн тэмцээн.
RandomБичвэр бичихийг хүсдэг болон бичдэг хэн бүхэнд өөрийнхөө чадварыг сорьж үзэх боломж олгож байна. MONGOLIAN WATTPADERS PAGE.