19

2.1K 298 35
                                    

Их ордны хаалганы гадна уртаас урт сүрлэг цуваа үүссэн байх бөгөөд улаан өнгийн гурвалжин хэлбэрийн даавуун дээр алтан утсаар сийлсэн луун оёдолтой туг энд тэндгүй намирч харагдана. Эмс хатдын сууж явдаг сүйх тэрэг, хаан болон ханхүү нарын торгон цэргүүд, ордны туслах шивэгчид гээд бараг л ордныг нүүлгэсэн юм шиг л харагдах энэ цуваанаас холгүйхэн энгийн ард иргэд хүндлэл үзүүлэн зогссон байх ба тэд алтан ургийн баярыг тэмдэглэх гэж буй хааны гэр бүлийг үдэж өгөхөөр цугласан бололтой. Алтан ургийн баярыг тэмдэглэхээр хаан болон гурван ханхүү гурвуулаа ордныг орхих тул ийм үед л сайд ноёдын хэрэг гарч ирж байна уу гэмээр. Хэдий ордон эзгүй байх ч гэсэн баяр гурван өдөр л болох тул санаагаа чилээсэн хүн байхгүй байхын дээр магадгүй өмнө нь олон удаа баярын улмаас ингэж явж байсан болохоор ноёд ч юу хийхээ сайн мэдэх биз.

Цуваа явах байрлалын хувьд хамгийн эхэнд хаан болон хатан дараа нь Борис болон Марина тэдний ард Крис болон миний сүйх удаахад нь Лео явах бол Леогийн ардаас алтан ургийн ноёд буюу хааны ах дүүс гэр бүлтэйгээ жагсах ажээ. Мөн биднийг хүрээлэн алхах зуу зуун цэргүүдийг ч мартаж болохгүй. Хэрвээ үүнийг баяр тэмдэглэх гэж яваа хааны гэр бүл гэдгийг мэдэхгүй хүн харвал эгээтэй л дайнд явах гэж буй мэт л бэлтгэгдсэн харагдана. Сүйх тэрэгнийхээ цонхыг багахан сөхөн урагш Крисийн байгаа зүг рүү харвал түүний унасан хар морь болон өмссөн хувцас зүс төрх нь түүнийг үнэхээр сүрлэг харагдуулна. Түүн рүү хэр удаан ширтэн суусныг мэдэхгүй ч тэр миний зүг харцаа шилжүүлэх үед нь хурдхан шиг толгойгоо татан цонхоо хаав. Аманда түүнийг үнссэн өдрөөс эхлээд түүний харцнаас бултан олигтой үг ч солилгүй явсаар өдийг хүрчээ. Хэдий түүний буруу биш гэдгийг мэдэх ч... Түүнийг Амандаг өөрөөсөө түлхэн холдуулсныг харсан ч цаанаасаа л гомдоод байх юм. Тэр үед Крис намайг тэднийг харсныг мэдээгүй. Болсон бүх явдлын дараа надад түүнийг харах зориг байгаагүй юм.

Тийм ч удалгүй бүрээн дуу гурвантаа дуугаран дуулдах үед сүйх тэрэг хөдлөн бид замдаа гарлаа. Дээр дурдсанчлан энд ард иргэд ихэс дээдсээ бурхан мэт шүтдэг болохоор энгийн л нэг баяр тэмдэглэхээр явж байхад ингэж их хүндлэл үзүүлж байгааг нь харахаар хачин л юм. Энгийн иргэдэд царайгаа харуулж болохгүй учраас нүүрээ дэвүүрээр халхлан цонхоо онгойлгон үзвэл хүмүүс бүгд сөхөрч суугаад мөргөж байв. Мөн хатдын туслахууд болон ордны ажилчид ард иргэд рүү зоосон мөнгө шидэх бөгөөд тэд ч газар унасан зооснуудыг нэг нэгээсээ урьтан авах гэж яарна.

ХАТАГТАЙ ВУWhere stories live. Discover now