Шөнө дунд болон сар үүлний цаагуур оржээ. Хэдий ордныг гэрэлтүүлэх лаа, дэнлүү олон байвч цаанаа л нэг бүүдгэр.
Крисийн өөрийгөө шийтгэдэг байсан өрөөнд түүнийг суудаг байсан сандал дээр суун эргэн тойрныг ажиглахад бие жихүүцэм хачин мэдрэгдэнэ. Сандалны хажууханд байрлах ширээн дээр олон төрлийн нэр нь үл мэдэгдэх зүйлс байх бөгөөд тэдгээрийн дунд Крисийг ташуурдаж байсан ташуур ч байх аж. Хэдий тэдгээр хачин багаж хэрэгслүүд нэг ч хэрэглээгүй мэт цэвэрхэн байсан ч цементэн шалтай энэ өрөөнд хүрэнтэн харагдах газарт шингэсэн цус арай өөр зүйлийг өгүүлэх мэт.
Газарт тавьсан лааны хаяа нэг шатан дугарах дуунаас өөргүй байсан өрөөнд хаалга онгойн хүн орж ирэх бөгөөд нааш ирэх салхины эрчид хайлан урсаж байсан лаа унтран өрөөг тэр чигээр нь харанхуй нөмөрнө.
Алина: "Хатантаан сүйх тэрэг бэлэн боллоо" гэхэд нь толгой дохин өрөөг сүүлийн удаа харчхаад ахиж хойш харалгүй гаран явлаа.
Ордонд ажилладаг ажилчид олон тул хүний нүдэнд үзэгдэхгүй явна гэдэг хэцүү ч өмнөх эзэн хааны Мерритэй уулзахдаа явдаг байсан замыг олсон бөгөөд үүгээр явахад хэнд ч харагдалгүй ордноос гарах боломжтой юм. Энэхүү замын чигийг өгсөн хатан эхийн авхай Кристалд талархъя.
Бид явсаар гялалзаж гялтганасан бус харин жирийн засалттай бор сүйх тэргэнд суухад сүйх тэрэг ч тэр даруй хөдлөн хурдална.
Алина бид хоёр өөд өөдөөсөө харан суусан бa чимээгүй бие биеээ ширтэх бүхчим тэргэнд морины туурайн дуу л сонсогдоно. Анхаарал сарниулчих зүйлгүй дүнсгэр орчинд байгаа тул өөрийн эрхгүй янз бүрийн зүйлс толгойд орж ирэх ч бүгд л эцэстээ тархи, зүрх хоёрыг минь хооронд нь тулалдуулж төгсгөлд нь намайг гүн харанхуй руу чирэн одно гэдгийг мэдэх учраас анхаарлаа Алина руу чиглүүллээ.
Алина тансаг чамин зүйл цуглуулах дуртай ч өөрийгөө даруухан хувцаслахыг илүүд үздэг нэгэн. Ихэвчлэн бүдэг шар, ногоон өнгийн даашинз өмсдөгөөс нь үзвэл магадгүй дуртай өнгө биз. Харин өнөөдөр тэр бор өнгийн даашинз өмссөн байх ба бараан өнгө түүний цагаан арьсыг тодотгон сайхан харагдуулна. Надаас өөр нь тэр хөмсгөө багахан зангидсан байх ба нүд нь намайг харах ч бодол нь энд түүнтэй цуг байхгүй байгаа нь нүднээ илхэн. Анхандаа түүнийг намайг эрхэм дээдэс гэж биш найзын нүдээр харж байгаасай хэмээн хүсэж байсан ч тэр намайг хүндлэх хүндлэлээ хэзээ ч хаяагүй. Тэгсэн ч тэр миний найз болж чадсан. Намайг хүндэлж хайрладаг найз минь. Бодоод байсан тэр миний анхны бөгөөд цор ганц найз юм байна. Энэ ертөнцийн надад болон хуучин миний хувьд ч тэр.
YOU ARE READING
ХАТАГТАЙ ВУ
FantasyНэг л өдөр сэрэхэд би уншиж буй номондоо орчихсон байсан. Гэхдээ гол дүрээр биш хэзээ мөдгүй үхэж мэдэх муу талын дүрийн эхнэрээр.