III

468 72 33
                                    

Өөрийнхөө шинэ санааг хэрэгжүүлэхээр түүний хойноос гүйж эхлэн "Чөтгөрөө чөтгөрөө" гэсээр түүнийг гүйцэж очоод инээмсэглэхэд тэр "Хүний ертөнцөд байж хамаагүй чөтгөрөө гэж дуудаж болохгүй" хэмээн надад сануулав. Түүний үгийг сонсоод өөрийгөө ямар болчимгүй үйлдэл хийснээ ойлгон шууд гараараа амаа дарлаа.

Тэр толгой сэгсрээд дахиад л намайг хаяад явчхав. Би араас нь гүйсээр түүнтэй хөл зэрэгцэн очоод аяархан хоолойгоор "Өөр хэн гэж дуудах юм бэ найзаа?" хэмээн гэмгүй царай гарган асуув.

"Найзаа? Би чиний найз биш. Ингэхэд хэдий хүртэл намайг дагах гэсэн юм? Намайг дагалаа гээд би чамд сүнсийг чинь өгчихгүй болохоор одоо бууж өгөөд гэртээ харьж үз" гэж тэр залхсан байдалтай хэллээ.

"Ээ л дээ, алив өгчих л дөө" гэж түүнээс гуйхад миний нүдэнд нулимс цийлэгнэж байсан юм.

Тэр над руу их л удаан ширтэхэд дотор минь Арай бүтэж байгаа юм биш биз дээ? гэсэн бодол орж ирэв. Чөтгөрүүдэд ч бас энэрэнгүй сэтгэл байдаг байх, тийм ээ?

Тэр хэсэг хормын дараа ямар ч царайны хувиралгүйгээр "Үгүй" гэхэд миний дотор асаж байсан бяцхан итгэл найдвар шууд л унтрах нь тэр.

Тэр намайг тоолгүй зорьсон газар луугаа явсаар байх бол би яг л түүнд гинжлүүлсэн мэт араас нь дагасаар. Гадаа их удаан нимгэн хувцастай алхсан болохоор даарч, өөрийгөө бага ч болов дулаацуулахаар зэхэн хоёр алгаа хавсран хооронд нь үрнэ. Би далавчтай л болохоос биш бусдаар бол бие минь хүнийхээс ялгараад байх зүйлгүй.

Тэр нэлээн удаан алхаж явсаар нэгэн хашааны өмнө ирснээ дотогшоо орчхоор нь би ч мөн адил дагаад орох гэж байтал хашааны хаалгаа миний нүүрний өмнө тас хийтэл хаачих нь тэр. Миний ам ангайн бүр хэлэх ч үггүй болон гайхсаар хоцорсон юм.

Харин энэ үед мөнөөх чөтгөр гэр лүүгээ алхаж байгаад хашааны гадаа үглэн зогсох сахиусан тэнгэрийн зүг харцаа чиглүүлэв. Тэрээр мөрөн дээгүүрээ хальт давуулж хараад нүүрэндээ ёжтой инээмсэглэл тодруулснаа алхаагаа үргэлжлүүлэн цааш гэр лүүгээ орлоо.

Гайхалтай! Чөтгөр байж хүний ертөнцөд гэртэй хэрэг үү? Энэ яав ч энгийн нэг чөтгөр биш ээ. Би эргэн тойрноо харж хүн амьтан байгаа үгүйг шалгачхаад хэд хэдэн удаа оролдож байж нэг юм далавчаа гаргаж ирээд хашааг даван нисээд орлоо.

Бусад шиг илүү хүчирхэг байсан бол шилжээд байшин дотор нь орохгүй юу. Хашаан дотор ширээ сандал байх бөгөөд жижиг усан сан хүртэл байх аж. Тэр үнэхээр баян бололтой. Гэтэл надад диваажинд ч гэр болон эд хөрөнгө гээд байх юм байхгүй. Юу ч үгүй хоосон сахиусан тэнгэр, өрөвдөлтэй ч юм аа даа.

Angel 1004Where stories live. Discover now