"Сургууль аа? Диваажингийн сургуульд бид хүмүүсийн талаарх олон хэрэгтэй зүйлсээ судалж мөн хэрхэн сүнсийг авчрах талаар суралцдаг. Харин хүмүүс юу сурдаг юм бол?" хэмээн сониучхан зандаа хөтлөгдсөндөө асуун доош тонгойгоод Акиког газар буулгахад тэр нэг тийшээ яваад өгөх нь тэр.
Акира нүдэнд харагдсангүй. Бодвол ойр хавьд байх модон дээр сууж байгаа биз гэсэн дүгнэлтэд хүрсэн тул эргэж өндийн босоод Юүтагийн зүг харсаар хариултаа хүлээнэ. Тэрээр бодолд автсан царай тодруулсаар "Хүмүүс үү? Тэд өөрсдийн амьдралд хэрэгтэй бас хэрэггүй зүйлсийг сурдаг юм даа" гэж хариу хэлэх агаад тэр нь надад нэлээн хачин санагдав.
"Хэрэггүй зүйл гэхээр юу байж болох вэ? Ер нь яагаад хэрэггүй зүйл заадаг юм бол?" хэмээн толгойгоо хажуу тийш гудайлган бодлогошрон асуулаа. Хүн өөрт нь хэрэгтэй зүйлээ л сурах ёстой биз дээ? Хүмүүс чинь маш богинохон амьдралтай атлаа ийм дэмий зүйлсэд өөрсдийн үнэт цагаа үрдэг хэрэг үү? Үнэхээр хачин юм.
Юүта хоёр гараа өмднийхөө халаасанд хийгээд нэг санаа алдаад "Харин л дээ? Яагаад хэрэггүй зүйл заадаг юм бол? Хүн төрөлхтөн гэдэг их сонин амьтад шүү, заримдаа үнэхээр ойлгомжгүй. Би энэ сургуульд үзсэн математик, хими, физик гэх зүйлс хэзээ миний амьдралд хэрэг болох талаар бодсон хэвээр л"
"Хүмүүс бидний ажлын байр байхад бид тэдний төсөөллөөсөө бүтээсэн ном зохиол, киноны нэг хэсэг байдаг. Бурханд итгэдэг ямар нэгэн шүтлэгтэй хүмүүсийн хувьд бид оршдог байх. Гэхдээ тэглээ гээд бид тэдний ажлын нэг хэсэг болчихгүй"
"Амьдралынх нь хэсэг ч биш зүгээр л тэднийг үхэх үед нь ирж аваад диваажин, там гэх газруудад хүргэж өгдөг. Гэтэл бид анхнаасаа л гүйцэтгэх ёстой үүрэг, даалгавар, ажлын хамтаар төрдөг шүү дээ. Ингээд бодохоор хүмүүс бидний хажууд дэндүү эрх чөлөөтэй амьтад юм" гэж Юүта харцаа ганц ч хором сургуулийн барилгаас салгалгүйгээр өгүүлэв.
"Би чиний ярьсан зүйлийг ойлгосонгүй ээ, гэхдээ чи яагаад ийшээ их дурсамж агуулсан зүйл рүүгээ харж байгаа мэт ширтээд байгаа юм?" гэж түүнээс гайхан асуухад Юүта харцаа сургуулиас салгаад "Магадгүй дурсамж агуулсан болохоор тэр байх" гээд гунигтай царай гаргах нь тэр.
"Гэхдээ чи надад их эрх чөлөөтэй юм шиг санагдаж байна" хэмээн өөрийн бодлоо үл нуун шууд өчихөд Юүта над руу асуулт эрсэн харцаар харан "Яагаад тэгж бодов"
Би мөрөө хавчаад "Чөтгөрүүд ч бас бидний адил хүний сүнсийг авах үүрэг даалгавартайгаар төрдөг атал чи ямар ч даалгавар биелүүлэхгүй чөлөөтэй яваад байна шүү дээ. Бас миний бодлоор чи Тэюун шиг хүний ертөнцөд удаан байсан бололтой" гэж түүнийг ажиглаж байгаад гаргасан дүгнэлтээ илэрхийлнэ.