Эмнэлгийн өрөөнд нэгэн настай өвгөн дусал залгуулчихсан хэвтэх агаад түүний орны хажууд байрлах дэлгэцэн дээр түүний зүрхний цохилт багасаж байгааг харуулж байлаа. Өвгөний эхнэр түүний гараас атгачихсан өөрийн хацартаа наасаар мэгшин уйлах бол хүүхэд нь аавынхаа зүг итгэж ядсан харцаар харсаар ээжийнхээ мөрнөөс чангаар атгана. Энэхүү сэтгэл эмтрэм үйл явдал, дүр зураглал нь өвгөнд явах хугацаа бараг үлдээгүй болохыг илтгэх аж.
Тэр арай хийн сүүлийн хүчээ шавхаад эрхийн хуруугаа хөдөлгөж эхнэрийнхээ гарыг илбэсээр насаараа ханилсан эхнэр болон удмыг нь залгах хүү рүүгээ мишээв. Хүн үхэхээр сүнс нь хаашаа явдаг юм бол гэж хүн төрөлхтөн их асуудаг. Харин энэ асуултын хариултыг дээрх тэнгэрийн орон буюу диваажинд байх сахиусан тэнгэрүүд аль эсвэл газар доорх ертөнц буюу тамд орших чөтгөрүүд л мэднэ.
Энэ явдалтай зэрэгцэн тэнгэрийн орон дахь төв баазад дахин нэгэн үхлийн талаарх мэдээлэл ирэх бөгөөд энэ удаад Ким Хёншиг гэх 87 настай өвгөний мэдээлэл байв. Шинэ үхлийн мэдээлэл ирэх бүрт тэнгэрийн орноос нэг сахиусан тэнгэр хүний ертөнц рүү явж өөд болсон хүний сүнсийг очиж авч ирдэг уламжлалтай билээ.
Сүнс бүр диваажинд ирэхэд сахиусан тэнгэрүүд мөн бурхад тухайн хүний хийсэн сайн үйлсийнх нь хэрээр диваажинд жаргааж, санааг нь амрааж байгаад дараа төрөл рүү нь явуулдаг жамтай.
"Дугаар 1004, энэ удаа чиний ээлж. Чи хүний ертөнц рүү яваад Ким Хёншиг гэх хүний сүнсийг авч ирэх ёстой" гэж амьдралын бурхны гол туслах болох Жонү зарлав.
Жонү бол дээд зэргийн сахиусан тэнгэр бөгөөд амьдралын бурхны баруун гар юм. Тийм дээ ч бусад сахиусан тэнгэрүүдийг бодвол илүү хүчирхэг нэгэн билээ. Түүний гол үүрэг бол сахиусан тэнгэрүүдэд гүйцэтгэх ёстой үүрэг даалгавар, ажлыг нь хуваарилж өгөх.
За Жонү ахлах ч яахав. Анх төрсөн цагаасаа хойш чин сэтгэл зүрхнээсээ хүлээсээр ирсэн өдөр болох өнөөдөр бол миний сахиусан тэнгэрийн үүрэгт даалгавраа биелүүлэх ажлын анхны өдөр юм.
Над шиг сахиусан тэнгэрүүд бол мэндэлсэн өдрөөсөө авхуулаад насанд хүрэх хүртлээ сахиусан тэнгэр ямар байх ёстой талаар мөн ирээдүйд өөрийг нь хүлээж байгаа ажил болох үхсэн хүний сүнсийг хэрхэн зөөх талаарт суралцаж, бэлдсээр ирдэг билээ. Хэдий бид төрөлхийн цэвэр ариун, гэгээн бодол, сайхан сэтгэлтэй төрдөг ч илүү сайн зүйлс хийж, суралцаж байж л өөрсдийн мөн чанараа авч үлдэж чадах юм. Жишээ татвал сахиусан тэнгэр болж төрсөн атлаа чөтгөрүүдийн дунд орж өсвөл энэ зан чанарууд нь бүрэн гүйцэд хэвшээгүйн улмаас чөтгөрүүд шиг зэвүүн болж мэднэ.
