Зүүд хэсүүчилэгч

86 1 0
                                    


"Цаг чинь болчихсон шүү гараарай" гэх бүдүүн хашгираан сонсогдов. Цааш харан нойрмоглох бүсгүйг тэр ажиглана.
-Юу болсон юм бэ?
-Хэлвэл чи итгэхгүй.
-Оролдоод үз л дээ.
-Далавч байсан юм. Тэгээд би гээчихсэн...

Тасарчихсан далавчны соривтой бяцхан бүсгүйг зүүдлэв. Бүсгүйн анхилуун үнэр, цээл хоолой сонсогдсоор л. Яагаад ч юм нүүрэнд нь тодрох инээмсэглэлийг тэр ажигласангүй. Гуниг нэвчисэн мойлон хар нүдээр өнөөх л улбар улаан өнгөт Марлбороноос хоцорсон эцсийн террористийг цааш нь харуулав. Цонхоор чихэлдэн орж ирцгээх бяцхан хүмүүсийн шулагануур хоолойнууд.
-Тэр хараа, тэр хараа уут нисэж байна. "ДАЛАВЧТАЙ" юм байх даа... гэнэ. Намрын шар салхиар жигүүрлэсэн далавчит уут хаашаа ч юм хийсэн алга болж, хүүхдүүд ч хаашаа ч юм шаагилдсаар чимээ аниргүй тэрнийг эзэмдэв.

-Тэр далавчны оромтой бүсгүйг чинь би ч гэсэн зүүдлэсэн. Долоох хоногийн өмнө шүү.
-Харин би уржигдар зүүдлэсэн. Дээд ангийн Жигүүр бас зүүдлэсэн гэж ярисан...

"Өглөө би ч тэрнийг зүүдлэсэн" гээд тааз ширтэн хэвтэв. Амралтын өдөр. Ханан дахь цаг хязгааргүй цохилно. Хос арван хоёрын тооноос хаашаа ч холдсонгүй. Зүрхний хэмнэл мэт цохилно. Тэр огцом хөдөлгөөнөөр хамаг хувцасаа баглаж аваад гарч одлоо. Салхи сөргүүлэн алхаж, Шархад-Хороолол нэртэй шар өнгийн автобусны хамгийн ард тахиралдан суугаад эцсийн буудал дээр буув. Цагийн зүү яг тэндээ цохилсоор л...Аз жаргал арван хоёр давхрын хаалгыг яран онгойлгож, долоон давхрын руу нисэв. Хар хүрэн өнгөөр чимэглэсэн аниргүй хаалганы өмнө амьсгаа даран зогстол зүрхнийх нь цохилт арван хоёр дээр илүү хүчтэй цохилж байгааг чагнав... Болжимор жиргэх чимээ хоёронтой сонсогдоод түлхүүр эргэн нарны гэрэл нүд гялбуулан тусна...

-Сайн уу, орооч...

Мойлон хар нүд, булцгар том хацар, өсгийгөө шүргэсэн урт хар үстэй охин ундаа барин зогсоно. Хэн болохыг нь тааж ядан тэд ширтэлцэх ажээ. Жижигхэн болжимор юу ч дуугарсангүй.

-Бид хоёр удахгүй гарах гэж байгаа юм, чи охиныг минь хувцаслахад туслаач... гээд бүсгүй яваад өглөө.

Булбарай зөөлхөн арьс, айж балмагдсан шинжгүй жаахан охин цамцаа барин өмнө нь зогсох ажээ... Танил нүднүүд танил шулагануур хоолой... Алгын чинээ бяцхан сорив хоёр далан дээр нь байхыг ажиглав.

-Ээж би орой бүр аавыг зүүдлэдэг. Зүүдлэх бүрт аав өөр царайтай байдаг. Харин нэг нь өдөр ундаа авчирж өгсөн гэж шивэгнээд бяцхан охин эхийнхээ харцанд бүүвэйлүүлэн нойрсов...Тэр ахин зүүд хэсүүчилсэнгүй.

/2016.09.06/

Short StoriesWhere stories live. Discover now