Жинхэнэ дурлал

171 7 2
                                    


Жинхэнэ дурлал уу? Дурласан гэж яаж мэдэх билээ. Бүхэл бүтэн хоёр цагийн турш тэрний өөдөөс тасралтгүй ширтэж, бүтэлгүй хайр дурлалаа хуваалцаж дуусаад та тэр бүсгүйд дурлах уу? Аль эсвэл бүр эртнээс л түүнд дурлачихсан байсан учираас түүний тэр яриа танийг ч гэсэн гэгэлзүүлж орхих юм болов уу? Хажуу хөршийнд чинь ирээд зуны гурван сарыг үдэж буй тэр нэгэн янзагын нүдтэй бяцхан охиныг анх хараад л, сэтгэл зүрх дотор тань дууч бялзуухай үүрээ засан өглөөний нартай уралдан жиргэж мэднэ. Зөвхөн түүнтэй л таарахын төлөө, аяга хөмрүүлэн хаалгандаа наагаад нууцгайлан чагнана. Түлхүүр эргэх хулгайн чимээгээр хог асгах гэж яваа хүний дүрд чадамгай гэгч нь тоглон гартал тэрний чинь хоёр хацар хонхойн инээмсэглэхийг хараад тэрүүхэн тэндээ цаг хугацаанд хүлүүлэн зогсчихно доо. Юу хэлэх ээ мэдэхгүй, инээмсэглэхчээн аядаад түүнд зориулсан хөхөөний үүрээ улам тордож эхлэх болов уу. Шөнийн нэгэн орой тэр түлхүүрээ мартан хүлээж суухтай таараад, та хоёр танилцана, амралтын өдрүүдээр кинонд урина. Кино дуусмагц хамт даа гэрийн зүг буцацгаагаад тэднийд очих болов уу... Хаалганых нь өмнө хацар дээр нь бушуухан үнсэж аваад, ичсэнээ нуун гэртээ орж ч мэдэх юм. Үгүй ээ, та ерөөс түүнд анхны харцаар ч дуралсангүй, сэгсийсэн царай муутай хөрш охин шинээр ирсэнд харин ч анхнаасаа дургүйцэн нүднээс нь хол байхыг хичээж ч болох юм. Таарах бүртээ хөнгөхөөн инээмсэглэн мэндэлдэг тэр охины тухай та "хөрш охин" гэхээс л өөр бодолгүй явж байтал, тэднийд угаалгын өрөөнөөс ус алдаж, эр хүний дүр үзүүлэн боолт чангалагч барин гэрт нь орно. Ханаар өрсөн үлгэрийн зургуудыг хараад л, сая нэг юм та түүний янзаган харцыг олж харна. Та түүнийг кинонд урин гэрт нь хүргэж өгөх болов уу... Харин эцэст нь зун дуусаж, хавар цэцэглэсэн навчис гандахтай зэрэг хөрш охин хилийн чанад руу сурахаар буцна...Түүний араас төдөлгүй нисэж хүрвэл зүрхэн хурууг нь өөрийн болгон хамт даа амьдарцгаана. Удалгүй хоёр жижигхэн хос янзаганууд хорвоод мэндэллэж хөхөө донгодно... Аль эсвэл ердөө л ахин нэг хөрш охиныг хүлээж ч мэдэх юм...

/2016.08.09/

Short StoriesDonde viven las historias. Descúbrelo ahora