Хүрд

41 4 0
                                    

Хорин жилийн өмнөх залуу насанд нь гацсан аялгуу эгшиглэж эхлэхэд тэр өөрийгөө хорин насаар хөгширсөнөө олж мэдэв. Өрөөнийх нь гаднах шаргал өнгийн пайз дээр хадагдсан байдаг нэр нь өөрчлөгдөлгүй мөн л хорин жилийг үдчихэж. Тэнд бичигдсэн гурван нэрнээс тэрнээс бусад нь үгүй. Ширээн дээрх эхнэр охин хоёрынхоо зургийг олж хараад "Тэр одоо хорьтой шүү дээ" гэж бодов. Хэн нэгэн тархи руу нь дэлсээд авах шиг толгой нь эргэж барьц алдлаа. Зүрх нь аман дээр нь гарч ирэн хүчтэй цохилно. Өнөөдөр ажиллах өдөр биш. Өнгөрсөн бүхэн. Өнгөрсөн бүхэн зурагтын дэлгэцээр гардаг кино адил аль эсвэл зэрэглээнд үзэгдэх хуурмаг дүрс болон хувирав. Тэднээс ирэх нэгээхэн ч баталгааг тэр олж харсангүй. Олж мэдсэнгүй. Мэддэг бүхэн нь ердөө өөрт нь итгүүлчихсэн "жинхэнэ худал хуурмаг" болон хувирчээ. Хамаг бие нь давчдаж өчигдөр өөрийг нь байсан гэдгийг батлах нэг ч, нэг ч баталгаа үнэндээ байхгүйг үзээд гурван давхарын цонхоор үсэрчихмээр санагдав. Хүрмээ шүүрч аваад ажлаасаа оргон зугтав. Өдөр бүр суудаг автобусны буудал, урт цэнхэр автобус. Хаашаа ч юм холхих хүмүүс. Өвлийн жаврыг угтах намрын сэрүүн салхи. Түүнд туугдан үхэж үрэгдэх алтан навчис... Энэ бүхэн үүрд хөлдчихсөн. Харин тэр хорин нас руугаа офицеруудын ордны эцсийн буудлаас хуучирч хөгширсөн цэнхэр троллебусанд суун явна... Тэнд дэх хүмүүс чимээ аниргүй. Түүнээс харц салгалгүй ширтэнэ. Харин тэр цонхоор халцарч үхэх моддыг ажиглана. Хэн нь ч өөрчлөгдсөнгүй. Мод ч... Тэр ч...Хөгжим ч... Хөгжим тасралтгүй эгшиглэсээр. Ахин дахин чихэнд нь "Хамт даа сансар руу нисэцгээе" хэмээн хашгирсаар. Дээш сансар руу харав. Сансар ч өөрчлөгдсөнгүй. Энэ хорвоо дээрх юу ч, бүр юу ч өөрчлөгдсөнгүй. Хорин жилийн өмнөх өөрийгөө эхнэртэйгээ алхаж явахыг олж харав. Хар хурдаараа автобуснаас үсэрч орхилоо... Нүдэнд нь оч маналзаж харанхуйд хэсэг төөрөв. Хэн нэгэн өмнөөс нь ширтээд "Ахаа та зүгээр үү" гэнэ. Хажууд нь бүлтэгнэх алаг нүдтэй охиныг тэр хэнээс ч илүү мэднэ. Тэр хосууд руу тасралтгүй ширтэнэ. Охин шоглонгуй инээмсэглээд залууг чангаан цааш алхав. Харин тэр... Харин тэр...Тэдний араас ширтсээр... Нулимс дүүрэн нүдэндээ "Битгий битгий" хэмээн хашгирсаар авч хэн нь ч барьж авсангүй. Гүн хар нүднээс тасарсан нулимсны дусал дээр цаг хугацааны троллебусанд мөргүүлэн шидэгдэх залуугийн дүрс тусаад газар цохин бутран алга боллоо... Цаг хугацааны хүрд хором хэртэй зогсоод эргэн эргэлдэж тэр ажлаасаа гүйн гарлаа...Хармаан дахь утсаа гаргаж ирээд цорын ганц хадгалагдсан дугаар руугаа залгав. 

- Юу байна даа чи намайг өнөөдөр бодсон уу? гээд таван шар - офицер чиглэлийн урт цэнхэр автобусанд амжин суув. Цаг долоо шүргэж жаргах нарны улбар туяа хорвоог гийгүүлэвч тэс хөлдчихсөн ертөнцийг гэсгээж хүчирсэнгүй. Гунигаар дүүрсэн, хүйтэн харанхуй зангирсан бүсгүйн хоолой: - Өдөр бүр... гээд тасрав. Тэд нэгнээ чимээгүй хашгирахыг, мэгшин уйлахыг, хэлье гэсэн бүхнээ хашгирч хэлэхийг хүлээсэн ч нэгэнтээ зүрхнийх нь гүнд хадагдчихсан хаана байгаа нь ч үл мэдэгдэх тэр шаналалыг, харууслыг, гунигтай гунигийг олж чадсангүй. Намуухан амьсгалах нэгнийхээ амьгалалтаас хорин жилийн түүхийг нь сонсоцгооно. Амьсгалт бүрт нь цаг хугацаа "чиг-чиг" хэмээн хашгирна...

Short StoriesTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon