Өглөө сэртэл... Ер нь чиний бүх юм өглөө байх юмаа гэж хаа нэгтэйгээс хэн нэгэн хэлсэн санагдана. Тэр хэн нэгэн өнөөдөр өөр хэн нэгэн болчихсон, шөнөжин уугаад өглөө нь зодолдоод салдаг, хачин сайхан амттай хүрэн манжинтай шөл авчирж өгдөг өөрийгөө хаа ч юм цээжнийхээ гүнд цоожилчихсон... Амьдарч л яваа... Өглөө сэртэл... Хорвоо ертөнц бүхэлдээ нарны гэрэлд уусаж алга болоод цав цагаан цасаар хучигдсан хөндий адил гэрлээр дүүрчихсэн байвал... Яана даа гэж айхаас сэрмээргүй... Шөнө л хамгийн сайхан. Мянга мянган одод түүнийг бас тэрнийг ажиж, хэнээс ч юунаас ч үл айн улаан гэрлээр нүдээ анин зам сөрж гүйнэ... Өглөө ч бүх юм хэвэн дээ гэж, өнөөх л хэн нэгэн хэзээ нэгтэй хэлсэн санагдана... Ургах улаан нарны бачим хурц туяа амьтай бүхний зүрх рүү цөмлөн довтолгож, хамгийг нь онгичоод хаячихна... Таван шил пиво... Дөрвөн давхрын охин... Шөнөжин чихэнд сонсогдсон өнгөрсөн он жилүүдийн дуу хоолой... Хашгирч... Бархирч... Бачуурч... Эцэст нь хэн гэдэг нь мэдэгдэхээ байн, өнөөх бузар нарны гэрэлд хүчиндүүлэн тачаадаж, орь дуу тавин сарнин алга болно... Энэ чинь цаг хугацаа шүү дээ гэж тэр бодов. Пивоны чихэрлэг амт хамраар нь дамжин хэлэнд нь хүрч, тэгээд уруул дээр нь гарч ирэв... Нээрэн энэ уруул өчигдөр хаана явсан бэ? гэж өөрөөсөө асуув. Асуултаа ахиж бодоод хацраа хонхойлгон, тэрний инээх гэж хичээсэн "инээдтэй" дүр төрхийг аниастай зовхинийхоо цаана үзлээ... "Тэгж инээгээд байх даа яахав дээ". Нүдээ нээчихвэл өглөө болчихно шүү дээ гэхээс хамаг биеийнх нь шар үс босож, айдас дунд живчихэв. Ингээд л үхчих юмсан гэж бодоод амжлаа... Хөнжлөө толгой дээгүүрээ шидчихээд гэрлээс нуугдан өөрийн таатай харанхуйд ганцаар буйгаа мэдрэн амьсгалаа чагнаж хэвтэв... Жижигхэн ч болтугай завсар гаргая гэхнээ гэрэл орчихгээд байх тул хана руу байдгаараа шахаж, ор хана хоёрын хоорон дахь харанхуйгаас агаарын тусламж авахаар шийдлээ... Өглөө сэртэл... Чиний юм бүх юм өглөө байх юмаа гэх урт шар үстэй найзынх нь хэрсүү үг, өглөө ч бүх юм хэвэн дээ гэх тэдний бяцхан тоглоом, бүгд л таван шил пивоны үлгэрүүд болж дээ гэж дүгнэв. Хүнгүй гудмаар хөтлөлцөн алхах шиг, бүхнээс нуугдан, болсон бүхнийг өөрийнхөө нөгөө л нэг "юуг ч яаж ч тайлбарлаж болно" гэсэн хямдхан үзлээрээ илэрхийлнэ. Бүжиглэнэ...Чаддаггүй юм. Улаан гэрлээр гүйцгээнэ... Хэн ч тэднийг дайрсангүй. Хэн ч тэднийг харсангүй. Шөнө л бүхний гэрч... Замын гудмаар эгнэн сүртэй нь аргагүй зогсоцгоох шонгийн гэрлүүд л ганц, сэм сэмхэн харцныхаа завсраар хулгайчилж тэднийг тагнана... Гэсэн ч тэд харж чадахгүй юм чинь! - Танайх хэдэн давхарт юм? - Хэд гэж бодож байна? - Дөрөв л биш байгаасай... - Яагаад? гэсэн асуултанд өнөөх л цээжнийхээ мухраас "Би дөрвөн давхарын охидод дурладаг юм" хэмээн зөвхөн өөртөө л сонсогдох бодолдоо хариулчихаад хамаг чангаараа тэрнийг тэврэв... Тэврээд л, тэврээд л баймаар... Би хэзээ тэврэх дуртай болчихлоо... Дөрвөн давхрын охиноос л болж шүү дээ... Энэ чинь би билүү? хэмээн адын бодлууд эхлэхтэй зэрэг хацар дээр нь үнсчихэв... Охины царайг харахыг хүссэнгүй... Тэгээд л үнсчихсэн юм... Баяртай гээд л дөрвөн давхраас... Орцны хаалга хүртэл яг 77 шат байдаг... Би 7-н тоонд дуртай. Харин чи 4-н давхрынх... Шүлэг дуу алийг нь ч болтугай бичдэгсэн бол "Дөрвөн давхрын охин" гээд нэг их хөгжилтэй аян дээр гунигтай үг дэвсэхсэн... Печаль шиг... Яг л Печаль шиг... Дөрвөн давхраас гарахтай зэрэг тэрний хаалгаа хаах сонсогддог юм... Хэрвээ чи... Дөрөв биш гурав... Үгүй ядаж хоёр давхарт амьдардаг бол... Танайд би хонохсон... Тэгээд л үүрээр явчихна. Ахиж хэзээ ч очихгүй, хэзээ ч уулзахгүй. Магад согтсон үедээ нүцгэн биеийг чинь нууцаар таалах гэж очих байсан байх. Гэхдээ л чи хоёр эсвэл гурван давхарт байсан бол... Бид бүхнийг ердөө нэг шөнийн гал халуун тачаалаар дуусгаад, санаа амар өглөөг эхлүүлж болох байсан. Ингээд л өглөө сэртэл... Бүгдийг нар сөнөөчихсөн, эхнэрийнх нь бэлдэж өгсөн хоол, арчсан гутал... "Түрүүлээд явлаа, хайртай шүү" гэсэн зурвастай хамт тэрнийг угтав... Яг дөрвөн үг шүү! Хэзээ ч тослохыг хүсдэггүй гутал, угаахыг хүсдэггүй хувцас, улбар улаан борогоо хармаалаад ажлын зүг гарлаа... Өглөө эхэлчихжээ. Нар мандчихаж. Бүгд л хаанаас ч юм ирцгээн хаашаа ч юм явцгаана. Урт цэнхэр автобусыг өнгөрөөгөөд тэдний трейлобус гэдэг өндөр хоёр чихтэй, цаг хугацааны машинд суув. Арын суудлын цонхыг түшин, замын хажуугаар өнгөрөх хүмүүсийг гайхан харна. Тэдний дунд хичнээн "дөрвөн давхрын охин байгаа бол?"...