Болзоо

88 5 0
                                    

-Уучлаарай таньтай танилцаж болох уу. Би өөртэйгөө адил мэдрэмжтэй хүнийг хайж байгаа юм л даа. Энэ төхөөрөмжийг нэгэн эрдэмтэн надад хийж өгсөн юм. Хэрвээ надтай адилхан мэдрэмжтэй хүн ойр хавьд байвал ногоон гэрэл асдаг. Би энд орж иртэл ногоон гэрэл асаад, таний хажууд иртэл улам тод болчихлоо - гээд өрвийсөн үс, өтгөн хар хөмсөг, цэнхэр нүдтэй залуу хажууд нь зогсов. Өөртөө томдсон борооны хар цув өмсчихсөн, туранхай өндөр залуу байлаа. Бүсгүй өмнөөс нь инээмсэглээд уусан жаахан юмны халуунд болсон уу, дотоод сэтгэлийнх нь хаа нэгтээ нуугдсан дүрсгүй хүүхэн сэрсэн үү бүү мэд түүнд нэрээ хэлээд хамт даа суухыг зөвшөөрөв. Нэлийсэн цэнхэр нүдтэй залуутай тэр өмнө нь учирч байсангүй. Магадгүй тэнгэр шиг нэлийсэн хөх нүд нь түүний сэтгэлийг хөдөлгөсөн ч байж мэднэ...
-Бид сэтгэлийнхээ хаа нэгтээ бид бол цорын ганц дахин давтагдашгүй гэдгээ мэдэрч байдаг. Тийм учраас өөртэйгөө адилхан хүмүүсийг хайдаг гэж би боддог. Тэгээд үүнийгээ батлахаар нэгэн эрдэмтэнд захиа бичиж тэр хүн надад энэ төхөөрөмжийг хийж өгсөн л дөө. Би их удаан хайсан. Өмнө нь үүн дээр ногоон гэрэл асаж байсангүй. Харин танийг хараад л би мөн байна гэж мэдсэн. Төхөөрөмж ч бодлыг минь батлах мэт ногооноор анивчиж, түүнтэй зэрэг зүрх булиглаад ирэх шиг л болсон. Би их баяртай байна. Ийм их хэрэггүй зүйл ярьж байгааг минь уучлаарай. Гэхдээ би өөр юу ярихаа мэдэхгүй байна л даа - гээд нүдэндээ тэнгэр уусгачихсан залуу ээрлээ. Бүсгүй нүд рүү нь тас ширтэн инээмсэглэсээр л байв. Тэд хамт даа хөгжмийн тухай, киноны тухай ярьцгаалаа. Өөр хэнтэй ийм олон зүйл дээр санаа нийлж байснаа санасангүй.Ой санамж нь түүнээс нүүр буруулаад дулаан орныг зорьчихсон гэмээр... Тэр бүү хэл тэд яг адилхан гунигт дуртай, гунигийг сонсох дуртай байлаа... Намрын арван сарын сэрүүн орой эхлэн тэд бүсгүйн гэр рүү явцгаав. Тэд ярьсаар л... Нэг нэгэнтэйгээ уралдан ярьсаар л... Бүүр хэн хэнийхээ ярьсан зүйлийг урьдчилж мэдээд ч байгаа юм шиг. Залуу гүн хөх нүдээ гэрэлтүүлэн ярьсаар л... Улбар улаан намрын өнгө аажмаар харанхуй руу шилжэн шөнө иржээ. Харин тэд бүсгүйн гэрийн гадаах модон сандал дээр өөд өөдөөсөө харчихсан ярилцсаар л... Тэнгэрт асгачихсан одод хормын төдийд нэг бүтэн тойрон араас нь нар мандан үүр цайтал бүсгүй орондоо ганцаар сэрлээ. Нэрийг нь ч мэдэхгүй нүдээр нь л зөвхөн таних залууг тэр хичнээн хайсан ч олсонгүй. "Улаан гэрэл нь угаасаа ажилладаггүй юм" гэсэн зурвастай хамт өнөөх төхөөрөмж нь л үлджээ...

Short StoriesTempat cerita menjadi hidup. Temukan sekarang