Залуу

93 3 0
                                    

Чанга гэгч нь баруун чих рүү нь няслаж орхив. Цочиж сэрэн эргэн тойрноо гүйлгэв. Шиврээ борооны намуухан аялгуу тэр хоёроос өөр амьтай голтой амьтан байсангүй. Тасалгааны дөрвөн цагаан хананд дунд ганцаар хаягджээ. Бороо шивэрсээр л... Дэндүү танил үнэр, гарын дулаан чихэн дээр нь төөнөнө. Хагас онгорхой цонх огцом онгойн хаалга саваад алга болов.Дүрсгүй салхитай уралдан хонгил тийш шагайлаа. Өнөөх борооноос өөр хэн ч үгүй. Ажил тараад хоёр цаг өнгөрчихжээ. Нойрон дундаас нь угзалж сэрээчихээд, зугтаад алга болсон хэргийн эзнийг олсонгүй. Чихэн дээр нь тэсэлгүй халуун төөнөсөн хэвээр харьж явна. Тэр халуун нь бүүр уур болон савсаж байх шиг харагдав. Нойронд харам хүнд тун ч тоогүй зүйл тохиолдсон нь тэр... Буудал бүр дээр зогсох автобусны үүднээс салхи ахин саваагүйтэн орж ирэв. Энэ удаа салхи дутуу нойрыг нь ховх сороод зугтчих шиг боллоо. Банштай цай хийсэнээ мэдэгдэх эхнэр нь, ааваа надад ундаа гэх хүүгийнх нь шулагнуур бяцхан хоолой түүнийг улам ч цовоо сэргэлэн болгов. Хотын баруун зах дахь ажилаас зүүн зах дахь гэр рүүгээ яарахаас цаг хугацаа таг зогсоод тэс хөндлөнгөөрөө тасарчихсан шиг санагдана. Жазалсан зураг шиг замын бөгнөрөл, зам даган алхах хүмүүс. Харих бүртээ учирдаг тэр л дүр зургуудыг бороон дуслууд тоос тортогноос нь цэвэрлэчихжээ. Дөнгөж саяхан л зурж дуусаа юу гэхээр өнгө будаг нь шинэхэн үнэртэнэ. Тэмээн жин шиг уртаас урт үргэлжилсэн уран зураг өнгөрч дуусаад танил дотно таван давхрууд, тэдгээрийн дунд ганцаар гэрэлтэх гэрийнх нь цонх. Тэргэл сар шөнө дунд мандан замыг нь гэрэлтүүлж, орцны өмнүүр гүйлдэх хар муурнуудыг хөөж туслав. Ойр хавийнх нь хамаг дэлгүүр төмөр бакь цоожоор үүдээ нам хаагаад алга болжээ. Ундаагүй орох нь дээ. Гараа дэрлээд зүүдэлж суугаа хүү ээжтэйгээ зэрэгцэн хүлээсээр хоёул унтаад өгчээ. Эхийнхээ анхилуун үнэрт юунаас ч үл айн хэвтэх хүүгээ ажиглав. Нөхөр ирэх чимээнээр эхнэр банштай цайгаа халаан, хүү нь хүлээсээр унтаад өгсөнийг ховлов. Өдөржин ундаа нэхэж гүйсэн бяцхан жаал хажууханд нь зогсоод халуунаар төөнөх эцгийнхээ харцыг мэдрэн инээмсэглэнэ. Баруун чихэн дээр нь хөнгөхөн няслатал "ааваа ундаа авчирсан уу" гэсээр хүү сэрлээ...

Short StoriesWaar verhalen tot leven komen. Ontdek het nu