Алдсан зураг

44 2 0
                                    


Хотын нэг захаас нөгөө зах руу ердөө цаг хүрэхгүй хугацаанд алхаснаа бодоод гайхах аядав. Нээрэн энэнээс илүү хурдан алхаж чадах билүү? Аз жаргал арван хоёр давхрууд өнөөх л цэнхэр өнгөөрөө хорооллын гудмуудыг чимэглэж харагдана. Авто замын нэг захаас нөгөө зах хүртэл, хорооллын гэгддэг дэлгүүрүүд эгнэж, дулаан орсныг илтгэсэн гудамны наймаачид унадаг дугуй, хүүхдийн тоглоом, жимс жимсгэнэ худалдаална. Дүрсгүй хүүхдүүд тоглоом хулгайлж, дүрстэй хүүхдүүд нь ээжийнхээ, аавынхаа гараас атгаад хаашаа ч юм алхацгаана. Салхилж яваа залуу хосууд дөнгөж хажуугаар зөрмөгц, ачийнхаа алхаанд дээрэлхүүлсэн хөгшчүүл мунгинан аз жаргалын инээмсэглэлээр харцаа чимэглэн алхахыг харах "хоржоонтой" ч юм шиг. Ирээдүй, одоо, өнгөрсөн бүгд л энэ гудманд, Аз жаргал арван хоёр давхрын өмнүүр өдрөөс өдөрт, сараас сард, жилээс жилд шилжинэ. Ахлах ангиа төгсөх жил дөнгөж сургуульд орж асан хажуу орцны жаал өөртэйгөө адилхан бондгор охин хөтөлчихсөн явж байна. Харц тулгармагц толгой дохин мэндлээд цааш гэрийн зүг гэлдрэв. Гэртээ ороод сүүлийн арав хоног солиогүй оймсоо гэнэтхэн санаж солив. Усанд ч оролгүй арав шахам хоночихжээ. Хоол нэхэх ходоодоо ахин чанасан гоймонгоор хуураад, зурагт асаалаа. Буутай хүмүүс нэгнээ хөөнө. Машин дотроос биес рүүгээ буудалцана. Нэг нь нөгөөгөө мөшгиж, хэн нэгэн найруулагчийн бодож олсон зохиомол шалтгааны улмаас нэгнээ хороохыг тэвчилгүй ихээр хүсэн шунацгаах ажээ. Яг л жинхэнэ мэт. Дүрс янз бүрийн өнцөгөөр солигдож, өнөөх муур хулганы дүрд тоглох машинууд нэг гарч ирээд л, нэг алга болчих юм. Арай ингэж байгаад өөр дүрс рүү шилжээд өнөөх хүмүүсээ мартчих юм биш байгаа гэтэл, хөөцөлдөгч этгээдүүдийн зураглал ээж дээ хөтлүүлээд алхах хүүгээр солигдчихлоо. Зуны халуун орой өвлийн цастай өдрөөр солигдоод хүү эхийнхээ араас уйлан алхах юм. "Би зураг, зураг авахуулмаар байна" гээд бархиран уйлж, харсаар байтал бүүр унаад өглөө. Ээж нь хармаанаасаа нэг юм гаргаж харснаа, гүнзгий амьсгаа авч, аргадан ямар нэгийг хэлэх ажээ. Хүү улам уурлан, цурхирсаар доош хараад амьд, үхсэн нь мэдэгдэхгүй, хурган дээлтэй жижигхэн юм болоод хувирчихав. Тэр хэвтээд л байх юм. Ээж нь хаачсан юм бол? "За босоод ир, зураг аваад өгөе" гэтэл хүү ганцхан харайлтаар босоод баатрын дүр гарган над руу ширтэв. Хурган цагаан дээл өмссөн, гүн хар нүднүүдээсээ доголон нулимс унагаад, инээхчээ аядан зогсох ажээ... Түүнтэй харц тулгараад , өдгөө гуч гарч яваа хуучин шкаф руу ухас хийлээ. Хамгийн дээр нь. Манайд анхнаасаа л байдаг байсан хос хоёр зургийн цомгийг гаргаж ирээд хайлаа... Өвөө эмээгийн зургаар эхлэх зургийн цомгийг эхнээс нь дуустал гурван удаа эргүүлж үзээд олсонгүй. Хамаг хувцасаа гаргаж хаяад, байж болох бүхий л нүх сүвийг шалгаж үзсэн боловч олдсонгүй... Тэгмэгц... Хүүхэд насныхаа бүх зургийг шатаагаад хаячихсан тэр гайтай өдөр зурсхийн орж ирэхтэй зэрэг "За одоо болсон бол явъя" гэх сүүлийн арван жил сонсоогүй ширүүн, тушаасан хоолой зурагтны чанга яригчаар түрэн орж ирэхэд би ухаан орон эргэж "Ээж, ээж хүлээж бай" гээд зурагтын өмнө хацраа наан, чадлаа барагдтал орилоод ч тэд сонссонгүй... Орилсоор хоолой минь бахардаж, дуу ч гарахаа байв... Өнөөх машинтай этгээдүүд зогсоо зайгүй буудалцан, нэгнээ алхаар улайран тэмцэлдэж эхлэв. Ямар ч утгагүй хоосон шалтгаанаар нэгнээ алахыг тэгж их улайрахыг нь үзээд зивүү хүрч залгуурыг нь салгачихлаа. Атгасан гарны минь цаанаас дөрвөн настай би өөрийгөө ширтэн, өрөөнд нам гүм ноёлно...

Short StoriesTempat cerita menjadi hidup. Temukan sekarang