Хөхөө

33 1 0
                                    


1.- Чи хар хувцастнуудад итгэдэггүй юмуу? - Нөгөө Томи Лий Жонес тоглодог кино юу? - Үгүй ээ хар хувцастнууд. Би чамд энд ярьж болохгүй, хоёулаа буудал оръё - гээд бүсгүй тооцоогоо ч хийлгүй бушуухан гараад явчихав. Анхны сэтгэгдэлээр үлдэх зүйл юу ч байгаагүй, жаахан махлаг, өөрийгөө хүчилсэн жүжгийн инээдтэй охиныг тэр анх тоогоогүй юм. Залуу түүнтэй тохиолдлоор ямар нэг кино үдшийн орой тааралдаж, шөнөжин элдэв зүйл ярьж суусан. Хоёр дахиа уулзаж байгаа нь л энэ. Гэтэл бүсгүй ирснээсээ хойш нэг утсаа шагайж, нэг үүд рүү сэм сэмхэн шагайвчилсанаа нэг амьсгаагаар хоёр шил пиво залгилж орхиод, хармаанаасаа өдгөө ор сураггүй болсон, хаанаас олсон нь үл мэдэгдэх "Мишка" чихэр гаргаж өгөөд "буудал оръё" гээд түрүүлээд явчих нь тэр. Анхны уулзалтын тухай санах зүйл толгойд нь бараг үгүй ч "нээрэн ийм хоолойтой шүү дээ" гэж бодоод уусан юмныхаа нөлөөнд дотроо бүлээцүүлэв. Дөрвөн сар дундаа орсон, энэ жил хавар эрт ирсэн ч, ингээд л буугаад өгчихийг хүсээгүй өвөл жижигхэн, жижигхэн цас хаялуулан үдэлтийн баяраа хийх нь хүн бүрийн сэтгэлийг жиндүүлж, харсан бүхэн жаахан бөхийгөөд, сэтгэлийнхээ гүнд дөнгөж асаж асан дулаан галыг ингээд алдчих вий гэсэн шиг алхаж харагдана. Харин өнөөх бондгор бүсгүй тоосон шинжгүй, улбар улаан өнгөтэй борогоо зүүн гарынхаа ядам, дунд хуруу хоёрын хооронд салаавчлан тамхилж зогсоо харагдана. Цахилгаан нь эвдэрсэн эвдэрхий улаан курткиных нь цаанаас цагаан дээр хараар "Зүүд бол үхлийн найз" гэсэн С. Анударын үгс тодрон харагдана. "Миний бүх хүн үхдэг " гэж тэр аман даа бувтнав. Бүсгүй тамхиа тааламжтай нь аргагүй хоёр удаа уушиглаад шууд л гараас нь атгаж, юу ч хэлэлгүй, хаашаа ч юм дагуулан алхалж гарчээ. "Буудал" хэмээн гэрэлтэх улаан хаягтай, үүнийгээ гайхуулах мэт час улаан, цус шиг өтгөн өнгөөр будсан хаалгатай буудлын өмнө ирээд "- Мөнгөтэй биз дээ? Цаг нь 15000 шүү!" гээд хариу хэлэхээс нь өмнө хамгийн мухрын өрөөнд нь дагуулаад орчихлоо. Томоос том далавчтай шувуу болж хувираад үүлсийн дээгүүр нисээд байх шиг түүнд санагдав. "Энд үнэхээр юу болоод байнаа?" гэж тэр өөрөөсөө асуугаад амжив. Гэвч түүнд нь хариулах хэн ч байсангүй. Цээжнийх нь хаа нэгтэй нуугдаж асан тэр өөрөө, бүсгүйн гарт атгуулах үед, өөдөөс нь хараад гал цог нь унтарсан гунигтай нүдээрээ "Би чамаас зургаа дүү" хэмээн гэрэлтүүлж эхлэхэд, амь орон сэрэх шиг. Тэртээ мянга, мянган жилийн өмнөөс тэд хэдийн нэгнээ мэддэг байсан шиг... Нэгэнтээ хамт амьдарч асан... Цас хаялсан өвлийн шөнө хаалгыг нь тас хар хувцастай, царай нь сүүдэртэн үл харагдах хүмүүс эвдэж ороод тэрнийг есөн давхрын цонхноос нисгэж орхисоныг санав. Гучин метрийн өндөр дээрээс секунд ч хүрэхгүй хугацаанд газарт бяц цохигдон унахад сүнс нь биеэ орхин томоос том далавчтай хөхөө болон хувираад танихгүй нэгэн эмэгтэйн хэвлийд өндгөө орхин хоосонд уусан алга болжээ. Шидүүлэхээс өмнөх сүүлчийн дурсамж нь жаахан махлаг, гунигтай нүдээрээ галаар цоргих мэт ширтдэг, үргэлж л улбар улаан өнгийн боро татаж асан эхнэр нь байсан... Нээрэн эхнэр нь байсан... - Тэр миний эхнэр байсан гэтэл түүнийг нь бүсгүй олж сонсоод өмнөөс нь инээмсэглэн ахин нэг тамхи асааж харагдана. Тэд ээлжлэн тамхийг уушиглаж, хэн нь ч ярилгүй биенээ ширтэн сууцгаана. Хямд буудлын нимгэн ханаар салхи исгэрэхээс өөр чимээ байсангүй. - Бид ярьвал тэд мэдчихнэ. - Хэн? - Хар хувцастнууд. - Намайг шидсэн хүмүүс үү? - Тийм. - Тэд юу хүсээд байгаа юм бэ? - Биднийг салгахыг... - Яагаад? - Бид хамт байх ёсгүй. - Яагаад? - Бид мэдэхгүй... Хоёул нэгэн зэрэг гүнзгий амьсгаа аван ахин нэг тамхийг цааш нь харуулахаар сонгож авав... Өрөөнд тамхины утаа манантан тэд сууцгаасаар л байлаа. Бие биесдээ аажим аажим ойртон өнгөрсөн бүхнийг санан дөхөцгөөнө. Бүсгүйн үнэр, хоолой, харц... Би чамайг Лолита, чи намайг "хөхөө" гэдэг байсан... Усанд оролгүй сар орон доо хэвтэцгээж, кофе, чанасан гоймонгоос өөр юу ч үгүй бид амьдардаг байсан... Хаалгаа дотроос нь түгжээд, тэдгээр хар хувцастай хүмүүсээс зугтсан ч эцэст нь биднийг олоод ирсэн... Балар эртний үед мартагдсан эдгээр дурсамжууд ар араасаа ундран гарч нэг мэдэх нь ээ нэг их харанхуй түүний харцыг хучин аваад, уруул нь түүний уруул дээр, тамхины үнэр нэвт шингэсэн, хөнжилд хамт даа хэвтэж байсан санагдав... Харин өглөө исгэрэх салхины чимээ өнөөх охин адил ор сураггүй алга болоод, цас орсны бараа сураг ч байсангүй... "Аз жаргалаа би энэ захианд үлдээлээ" гээд хоосон дугтуй тамхины хайрцаганд орхижээ... Өчигдөр болсон бүхэн зүүд мэт санагдаж, урт цэнхэр автобусанд суугаад ажлын зүг явна. Хүмүүс хаанаас ч юм ирцгээн хаашаа ч юм явцгаана. Тэдний дунд өнөөх охин харагдах шиг болоход тэр автобуснаас үсрэн буув... Бүсгүй түүнийг олж хараад эргэж харан гүйхэд хэн нэгэн түүний араас цохиод авчээ... Нүдэнд нь оч маналзан ухаан алдан унав. Тас хар хувцастай, царай нь сүүдэртсэн нэгэн түүнийг тэврэн дээш мацаж харагдана. Ахиад л есөн давхар... Нисэж үхэх хамгийн сайхан нь. Ингээд л ахиад нисэх нь... Салхи татуулан, бүхий л амьдрал нь нүднийх нь өмнүүр урсан өнгөрөөд, тамхи татан зогсох өнөөх хүүхний дүрс дээр хүрэв. Бүсгүй тамхиа тааламжтай нь аргагүй татаж дуусаад, хар хувцастай залуугаас юу ч юм аваад, түүнийгээ тамхиныхаа саванд хийж байгаа харагдлаа... Түүний сүнс томоос том далавчтай хөхөө болон хувираад биеэ орхин ниснэ. Гэвч далавч нь өмнөх шигээ хүчтэй, том биш болжээ... Мянга, мянган удаа үхсэний дараа дундаж шувуунаас томгүй хэмжээтэй л хөхөө болон хувирчээ... Би чинь хөхөө шүү дээ хэмээн тэр ниссээр л байлаа... 2. Хямд буудлын нимгэн ханаар салхи исгэрэхээс өөр чимээ байсангүй. - Бид ярьвал тэд мэдчихнэ. - Хэн? - Хар хувцастнууд. - Чамайг шидсэн хүмүүс үү? - Тийм. - Тэд юу хүсээд байгаа юм бэ? - Биднийг салгахыг... - Яагаад? - Бид хамт байх ёсгүй. - Яагаад? - Бид мэдэхгүй... Хоёул нэгэн зэрэг гүнзгий амьсгаа аван ахин нэг тамхийг цааш нь харуулахаар сонгож авав... Өрөөнд тамхины утаа манантан тэд сууцгаасаар л байлаа. Бие биесдээ аажим аажим ойртон өнгөрсөн бүхнийг санан дөхөцгөөнө. Түүний үнэр, хоолой, харц... Би чамайг Лолита, чи намайг "хөхөө" гэдэг байсан... Чи нэг амьсгаагаар гурван шил пиво харин би хоёрыг уудаг байсан... Бид өдөржин хөнжилдөө шигдээд "Амьдрал бол абсурд яг л зүүд шиг" гэж маргадаг байсан... Чи ажлаасаа халагдаж, би хөөгдсөн... Ямар ч мөнгөгүй болоод гэрээ дотроосоо цоожилж өдөржин тамхи татаж хэвтэцгээсэн... Чамайг миний ойлгохгүй зүйлсийг бичиж бодож эхлэх үед би хараад л, хараад л суудаг байсан...Намайг дуулахад чи над руу ширтээд хаа ч юм төөрчихдөг байсан... Балар эртний үед мартагдсан эдгээр дурсамжууд ар араасаа ундран гарч нэг мэдэх нь ээ нэг их харанхуй түүний харцыг хучин аваад, уруул нь түүний уруул дээр, тамхины үнэр нэвт шингэсэн, хөнжилд хамт даа хэвтэж байсан санагдав... Харин өглөө исгэрэх салхины чимээтэй хамт залуу түүнийг орхин явжээ... Бүсгүйг сэрэхэд тамхины хайрцаганд орхисон өдгөө олдохоо байсан, хаанаас авсан нь үл мэдэгдэх "Мишка" чихэр, "Аз жаргалаа би энэ чихэртэй үлдээлээ" гэсэн зурвас л байв... Сүүлчийн ганц Борог цааш нь харуулаад бүсгүй урт цэнхэр автобусны хамгийн хойно суун явна. Хүмүүс хаанаас ч юм ирцгээн, хаашаа ч юм явцгаана... Өөрийгөө томоос, том далавчтай хөхөө болоод тэдний дээгүүр нисэж байна хэмээн төсөөллөө...

Short StoriesKde žijí příběhy. Začni objevovat