Дөнгөж өчигдөрхөн асгарч асан аадар борооны ул мөрийг цагаасаа эрт ирсэн зуны халуун нар ширгээгээд алга болгочихжээ. Ажлаа тарахад л жаргачихсан байдаг нар, өглөө сэрэхэд ч эзэнгүй байдаг өвлийн хэмнэлд дөнгөж дасаж эхлээд байтал хаврын адаг сар хэдийн талаасаа өнгөрөөд явж байв. Хурц нартай, тод гэрэлтэй бүгчим өглөөг харахаас тархи толгой нь таллаж өвдөөд ар дагзаар нь хүнд оргидог. Ажил руу нь хүргэж өгдөг автобусын хамгийн арын суудал дээр чихэвчгүй дээ харамсаж сууна. Хаанаас ч юм гэнэтхэн бий болчихсон халдварт өвчиний ачаар хүн бүр зөвхөн нүдээ л ил гаргасан маск зүүдэг болчихсон билээ. Тэдний зарим нь бүүр мэс заслын эмч шиг бээлий өмсчихсөн харагдана. Хэдий тэдний төрх бүрэн харагдахгүй ч хүний нүдийг хараад л "хэн" болохыг нь мэдчихэж болдог. Хүний харц өөрийгөө өгүүлдэг шүү дээ гэх зэргийг бодсон шиг нүдээ аниад цонх налан сууна. Автобус буудал бүр дээр зогсоход хальтхан нүдээ нээн эргэн тойрныг ажиглах ч тэнд нь онц гойд шинэ зүйл болоогүй л байдаг юм. Бүгд л өнөөх "утсаа" гаргаж ирээд түүн рүүгээ таг ширтээстэй маажиж гарна. Зарим хүмүүс амьд хүн аятай зангачин загнаж гарахыг нь яана... Мсж, чат гэсэн төрөл бүрийн харилцах хэрэгсэл хуучны хүмүүст л үлдэж хоцорсон "үзэсгэлэнтэй" учралуудыг үрэгдүүлчихэж дээ - гэж тэр боддог. Хэдий дөнгөж өглөө эхэлсэн ч бүгчим халуун бүхнийг дарамтлаад эхэлчихжээ. Ажил хүртэл дэндүү хол байдаг. Цонхны цаана төрөл бүрийн клуб, пабууд өнгөрнө. Нэг нь онгорхой байна гээч... Тэнд нь нэг бүсгүй сууж байна... Нэг мэдэх нь ээ тэр хэдийн буучихсан өнөөх бүсгүй суугаа пабын үүдээр орж явлаа. Зөөгч нар ширээ сандалаа буулган, түүнийг гайхсан янзтай ширтээд дуртай дургүй меню авчирсан болоод цааш ажилаа үргэлжлүүлцгээв. Байсхийгээд л үүдэн дээрээ тамхи татацгаах нь хичнээн залхчихсаныг нь харуулна. Түүний эсрэг талд пиво шимж суух өнөөх бүсгүйг тэд тоосон ч үгүй. Залуу яг адилхан цэл хүйтэн пиво захиалаад ном гаргаж ирлээ. Ажилдаа очих тухай! тушаал хүйтэн пиво, танихгүй бүсгүй хоёрт хэдийн үрэгдчихжээ. - вон Гёте байх шив! хүүхэн цонх руу ширтсэн чигтээ хэлэв. - Чи уншсан юм уу? - Хавтсан дээрээсээ уншигдаж л байна. Зураг нь их гоё юм. - Чи зураач уу? - Үгүй ээ! гээд бүсгүй өөрөө түүний ширээнд суув. - Би зурдаг ч үгүй , уншдаг ч үгүй , зүгээр л пиво ууж сууна. Чи ч бас. - Тиймээ. Харин би бичдэг. - Юу тэр вэ?! - Янз бүрийн зүйлс л. Хайртай бүсгүйнхээ төлөө амиа хорлосон Вертертэй адил түүхүүд бичдэг. - Чи өрөвдөггүй юмуу? - Юуг тэр вэ? - Би өрөвддөг... гээд бүсгүй эргэн цонх руу ширтлээ. Хязгаар нь харагдахгүй гүн хар нүдтэй юм. Нүд биш ч юм шиг. Хүнхэр харанхуй харцаар өмнөөс нь ширтээд л хачин ойлгомжгүй юм ярьсанаа эргээд цонхоор ширтчихлээ. - Чи тэгээд надад авч өгөх юмуу? - Хүсвэл мэдээж гээд ахин хоёр задгай пиво захиалав. Үнэхээр тэсгэм халуун өдөрт зориулсан тэсэшгүй хүйтэн пиво ирж байна. Бүсгүй өнөөхөөс жаахан амссан болоод эргэн харцаа цонх руу шилжүүлэв. Түүнд яриа өдөх сэдэл олдоогүй тул ном руугаа ширтлээ. Тэгтэл бүсгүй огцом хөдөлгөөнөөр номыг нь булаагаад авчихав. - Муухай байдаг юм. Боль! - Ном унших уу? - Тийм. Энийг чинь ингэчихэе! гээд жишим ч үгүй жижигхэн ногоон хавтастай номыг ууж асан пивоны бакал руу живүүлчих нь тэр! Номын жингээр түрэгдсэн пиво амсараасаа халиад ширээн дээгүүр урсаж харин тэр таатай нь аргагүй пивээ амтална. - Би номыг чинь уучихлаа... Ийм өдөр толгой чинь өвддөг биз? Тэгээд тэсэлгүй хүйтэн пиво ууж суугаа биз. - Чи яаж мэдчихэв ээ? - Манай талын хүн гэж мэдсэн юм. Ном уншиж болохгүй! Бичиж бүүр ч болохгүй!! - Тайлбарлахгүй юм уу? - Тайлбарлах юу байсан юм бэ?! За бодоё л доо. Чи хэн нэгэн хүнд өвчтэй бяцхан охины тухай бичлээ гэж. Чи тэр охиныг анхнаас нь л өвчтэй болгочихсон чинь багадаад юу идэж юу хийхийг нь хүртэл заах болно. Хөөрхий тэр чинь энэ золгүй байдлаа мэдэхгүй шүү дээ. Тэгээд л эцэст нь чи түүнийг үхүүлж орхино... Яасан гунигтай вэ?! Тэр яагаад ҮХЭХ ёстой болсоноо ч ойлгохгүй... - Магадгүй тэр эдгэрч ч болох шүү дээ... - Яагаад тэр билээ? Чамд түүнийг үхүүлэх нь сайхан байх болно. Гэтэл чи өөрөө хэн билээ? Чи түүний бурхан юм уу? Хөөрхий золгүй охины амьдралыг үзэгний үзүүрээр зохицуулахыг чинь би хэрхэвч тэсэж чадахгүй. Тийм ч учраас би ном уншдаггүй. Муусайн өөдгүй новшнууд! - Уучлаарай... Бүсгүй огцом уурласнаа хацар нь бага зэрэг улайх шиг болоод харцаа эргүүлэн цонх руу шилжүүллээ. Харин тэр түүний төрхийг ажиж сууна. Зурчихсан ч юм шиг эсвэл ерөөсөө энэ амьдралд байж болохгүй хүн шиг харагдах ажээ. Энэ бүсгүй шал өөр бодит байдлаас хүрээд ирсэн байх... Бодлыг нь сонсчих шиг тэр өөдөөс нь гүн хар нүдээрээ цоо ширтэв. Тэнд нь юу ч алга. Уначихвал үүрд унасаар л үхчих юм байна... - Үхэхгүй дээ. Чиний бодол хэтэрхий чанга юмаа, жаахан султагаж болохгүй юмуу. Чих дүлийрэх нь. - Яаж тэр вэ? - Ахиад хоёрыг уухад л болно гээд бүсгүй шууд л нэмээд хоёрыг захиж орхив. - Чамд тэгээд тэгж бичих нь сайхан байдаг хэрэг үү? - Тиймээ том бал хар чулуу цээжнээсээ аваад хаячих шиг л болдог. - Хмм. Нэг л өдөр дүр чинь номноосоо үсэрч гарч ирээд "Эрхэм зохиолчоо би энэ залуутай суумааргүй байна" гэвэл хариу үгтэй юм биз дээ? - Тийм зүйл болохгүй дээ... - Болж болно шүү дээ. Тэр намайг бас нэг мөрөөдөгч зохиолчтой суулгачихсан юм. - Тэр гэж хэн бэ? - Юу хэн бэ гэж! Миний зохиолч. Тэр намайг өнөөдөр өглөө энд намайг чамтай учруулж бас чамтай суулгахаар төлөвлөчихсөн байгаа. Тэгээд л би энд өмнөөс чинь ширтээд гомдоллож сууна даа. Тэнэг хог! - Бид амьдралаа өөрсдөө л мэднэ шүү дээ... - Чи яаж ийм итгэлтэй байгаа юм бэ?! Чиний зохиолч чамайг өнөөдөр өглөө энд ингээд пиво уугаад сууж байхаар л биччихсэн байна. Зохиолч та нар бол өөдгүй новшнууд! гээд бүсгүй шинээр ирсэн пивийг нэг амьсгалаар хөнтөрч орхив. - Явахгүй бол горьгүй нь дээ туулайхан минь. Бид удахгүй уулзана аа, харин ирээдүйн нөхөр минь замын цаана автобусанд байна, Баяртай! гээд тэр маш хурдан гараад явчихлаа. Залуу юу ч хэлж амжилгүй түүний араас харж зогсов. Өөрийх нь сууж ирсэн автобус руу үсэрч суугаад хамгийн арын суудал руу очиж яваа үзэгдэнэ. Өмнөөс нь даллах ажээ... Эргээд хартал өнөөх онгорхой паб хаачихсан байв. Түрүүн уусан пиво, ажиллаж зогссон зөөгч нар бүгд алга болчихжээ! Тэр өөрийгөө тэнд бий эсэхэд ч эргэлзэж эхлэв....Түрхэн дуг хийгээд сэртэл танихгүй бүсгүй мөрийг нь дэрлээд унтчихжээ. Бүсгүй танил ч юм шиг, таньдаг ч юм шиг... Тэдний зохиолч цааш юу бичээ бол... Гэтэл бүсгүй сэрчихнь тэр!