Цахилгаан шат - 1

86 0 0
                                    



1.

Хаашаа л харна нэлийсэн өндөр шаргал дөрвөн ханан дунд ямар ч гарах гарцгүй хашигдсан бяцхан охин цахилгаан шатны механикчийг хүлээн уйлж бархиран, аврал ирэн хашгирсаар сонсогдох дуу нь ч сүүлдээ үгүй болж, үүрд энд ингээд хаяагдлаа хэмээн цахилгаан шатны давчуу жижиг өрөөний шалан дээр элгээ тэврэн унтаад өгчээ.Харин ердөө маргаашнаас нь л тэр ахин цахилгаан шатанд суусангүй. Хорооллын өндөр цэнхэрүүдийн нэгэнд амьдрах гялалзсан хар нүдтэй бүсгүй, аз жаргал мандан бадраг арван хоёр давхрын зүг тиймээ аз жаргал хэмээн бодсоор шогшино. Тиймээ аз жаргал... Автобуснаас айдаг юм биш шүү, зүгээр л ажил нь ойрхон болохоор алхаж харидаг юм. Өглөөнөөс үдэш хүртэл худалдан авагчийн сүрчигний үнэрт мансууран маникенийг жинхэнэ хүнтэй андууран мэндлэх "төөрчихсөн" амьтан ажил тараад гадагш гарахад нэг л сонин. Өдөржин нунтаг цагаан сорчихоод, одоо л үйлчилгээ нь гарч байна уу гэлтэй. Моторын хазлах дуун, сигналын хашгираантай хоршилдон орилолдох чимээ шуугиан дүүрсэн хорооллын хос замаар түгжирэлдэн урагшилах машинууд, бөөн өмдөндөө "баачихсан" хүүхдийн цуваа шиг үзэгдэнэ. Өвөл бүх юм нэг л удаан, нэг л залхуутай. Хүйтэн салхи, цагаан цас сэтгэлийг нь сэргээж, бие мах бодийг нь цочрооход тэр дуртай. Эмэгтэй хүн ямар даарах биш, туялзсан нарийхан цагаан хөлөө трикогоор халхалж аваад л зам гарна. Өөрийг нь хэн юу гэж харж байгаа бол гэж хааяаа бодно.

Сүүлийн долоо хоног өнөөх цахилгаан шатанд гацсан гачилант дурсамж нь эргэн сэдэрчээ. Дахиад цахилгаан шатанд суучихвал... Арван хоёр давхар руу өгсөж байхаар суучихвал амар юм гэж бодно. Тэгж бодон бодсоор нэг мэдэхнээ лифт дуудах товчийг амрах завдалгүй тачигнуулан зогсож байна. Хурдан, хурдан дараад байвал лифт ч тэр эрчээр нь илүү хурдлах мэт. Цахилгаан шат хаана явж байгааг заасан дугаарууд аажимаар солигдон "нэгийг" гаргаж ирэхэд, аймшигийн хаалга чихран нээгдэнэ. Нүдээ цавчилан, цавчилан харж зогссоор хаалга буцан хаагдах хүртэл хөшиж орхино. Тэгээд л цээж дүүрэн гүнзгий амьсгал аваад шатны зүг алхаж байдаг. Ямар ч л байсан өнөөдөр л заавал лифтэнд сууна гэж бодлоо. Долоо хоног шаналсны эцэст одоо эсвэл хэзээ ч үгүй гэж шийдэв. Хүнгүй хоосон авс шиг жижигхэн дөрвөлжин цахилгаан шатны өрөөг төсөөлөн, орчихвол хэзээ ч гарч чадахгүй юм билүү гэж хардлаа. Өнөөдөр яг сууна даа. Өнөөдөр л биш бол хэзээ ч биш. Салхи хүртэл түүний алхаанд урам өгөн эрчилэв. Жижигхэн харанхуй өрөөнд уйлж зогссон зургаан настай охин өнөөдөр хорин зургаа хүрчихжээ. Бүтэн хорин жил ард хоцрохдоо аймшигт дурсамжийг нь арилгачихсан ч байж мэднэ. Бүсгүй хурдан, хурдан алхалсаар гэрийн зүг зориг орон давшиллаа. Өмнөх алхалт дараах алхаагаа дэмнэн бүр илүү өөдрөг, эрч хүч биеэр нь дүүрээд ирэхийг мэдрэв. Өндөр өсгийтийн "таг, таг" хийх чимээнд зоригжин цүнхнийхээ оосрыг тас атгачихаад гүйх шахам орцондоо орлоо. Плетка асаалттай гарчихсан хүн шиг цахилгаан шат дуудхаар ухасхийн давхив. Товчлуурыг дараа л байлаа...дараа л байлаа...дахин дахин дараа л байлаа. Лифт хаана явааг ч анзааралгүй жижигхэн товчлуурыг чихэх мэт нүднэ. "Сайн уу?" гэх танил залуугийн хоолой чанх ард нь сонсогдов. "Хүүе танайх энд байдаг юмуу?..."Хэдэн давхарт вэ?"..."Долоо"..."Ямар сонин юм бэ?, Манайх найм"..."Сонин юм"... гээд залуу долоон давхарт буун бүсгүй наймын тоон дээр зөөлхөн бас залхуутайгаар дарав... Тэр маргааш нь ч мөн лифтний товчилуурыг нүдэж гарлаа. Ахиад л "Сайн уу?" гэх дөлгөөн танил хоолой чанх ардаас нь дуулдаж, амьсгал нь хүзүүг нь илбэн дулаацуулна. Тэгээд л долоон давхрын хаалга онгойн "Баяртай" гэх хүртэл хэн ч юу ч үл дуугарна. Зүрх нь "түг, түг" хийн хурдлан цохилж, хэнхдэг цээжээ хэмх нүдээд гарч ирэхийг тэсэлгүй хүсэх ажээ. Долоон давхар хүртлэх зургаан давхрын хугацаанд тэр мэнчийтлээ улайн, нэг мэдэхнээ л гэртээ орчихсон, шалан дээр чихээ наан мишээчихсэн хэвтэж байдаг байлаа... Удалгүй улбар нарны улаан туяа цонхоор нь түрэмгийлэн тусаж ажилдаа нисэн очоод, салаганасан гараа хармаандаа чихчихсэн хүлээдэг болов. "Сайн уу" хөөрхөн инээмсэглэл, нүд нь хурдан хурдан цавчилан мэндэлцгээнэ... /2014.01.28, 2016.10.18/


Short StoriesOnde histórias criam vida. Descubra agora