- Би энийг чинь авлаа за юу гээд шавар шавхайнд умбасан хулхи "конверс" өмссөн "спорт" гэж нэрлэгддэг үсний засалттай хөрслөг бор жаал, гайхан зогсох тарган шар бандийн барьсан баатрын тоглоомыг булааж авах санаатай гараа далайв.
- Энийг ээж надад гадаадаас явуулсан юм... Битгий горьд! гээд махлаг шар банди шороо манаруулан алга болов.
Ердөө хоёрхон цагийн өмнө шинэчлэгдэн "төрсөн" ангийн нэгдүгээр атаманы шадар туслах дөрвөн банди мөр зэрэгцэн араас нь давхилаа. Атаман тайвнаар үдээс рүүгээ нэг хараад, тэнгэр рүү ч нэг хараад, эргэн тойрноо ч нэг шагайвчилсан болоод шадар туслахуудын араас исгэрсэн шигээ аажуу алхав. Махлага шар банди тав зургаа алхаж амжсан уу, атаманы туслахууд тал талаас нь бүчээд авав. Ойн мухарт шахсан олзоо гэтэх чоно адил туслахууд "бүдүүнийг" тойрч зогсоод алгуур дөхнө... Шүд амаа яралзуулан элдэв ширүүн харц чулуудан ойртоцгоовч хэн нь ч атаманыг ирэхээс нааш олз руу дайрч зүрхэлсэнгүй. Атаман ч удалгүй исгэрсээр хүрээд ирлээ. Түүний харц хүүгийн энгэрт тас зуураастай бамбаруушыг өөрийн болгохоор эрс шулууджээ. Хоёр гарын нударгаа ээлжлэн дуугаргаад, нэг огцом амьсгаагаар орилох гэтэл хаанаас ч юм дун цагаан өнгийн хос гар гарч ирээд бүсэлхийнээс нь тэврээд авав. "Домогт" атаман гэнэтийн "цохилтод" самгардан, хахаж цацан огцом татсан амьсгаагаа гаргаад эргэж харвал дээд ангийн Үүлэн.
Араас нь тэвэрчихсэн зогсож байна. Тэрний насан дээр охидууд хөвгүүдээс өндөр байх хэвийн үзэгдэл. Нэгдүгээр атаман айх, гайхах зэрэгцэн харцаа дээш шидэлтэл "Чи хөөрхөн шүү" гээд дээд ангийн охин эргээд гүйчихэв. Хашааны буланд хүлээж асан найз охидууд нууцгай инээлдсээр цааш хөтлөлцөн одлоо. Атаман юу болоод өнгөрснийг юу ч ойлгосонгүй. Эргэн бүдүүнийг хайтал шадар туслахууд нь элгээ тэврэн инээлдэж байхыг олж мэдэв. Өнөөх "олз" л харин түүнтэй адил нүдээ байдгаар нь бүлтийлгэчихсэн зогсож байх нь тэр. Шадар туслахууддаа нэг, нэг ухамсарын шанаа хүртээгээд атаман "олзыг" өнөөдөртөө өршөөн бүгд гэрийн зүг гэлдэрцгээлээ...
Маргааш өглөө атаман болон түүний туслахууд өнөөх зам дээр, өнөөх бүдүүнтэй ахин таарах нь тэр. Атаман харин түүнийг огт ажирсан шинжгүй. Үргэлж халтайж асан хувцасаа цоо шинэ формоор солиод, үсээ "гелд"-чихсэн тэнгэр ширтэн алхаж явна. Дээш ширтэхээс бус өмнө нь гараад ирсэн бүдүүн шар банди битгий хэл, биеийн тамирийн багш "Оросоо" байсан ч тоохооргүй алхаж байв. Ганц өдөр шинэ форм өмссөн нь биеийн тамир ордог ганц өдөртэй давхцаж, гавъяат Оросоо багшаас чангахан шийтгэл хүртжээ. Өчигдөрийн уусан юм нь гарч амжаагүй гадаад нэрт багш жаалыг бүтэн цагийн турш сургууль тойруулан гүйлгэх нь тэр. Атаман ч "атаман" нэрээ алдахгүйн тулд хөлс баасандаа хутгалдан, тэнгэр ширтэн гүйсээр шийтгэлийг эсэн мэнд давж гарчээ. Гэрт харих замаас холгүйхэн орших худгийн хажууд өчигдөрийн охид тоглож зогсохтой тааралдав. Атаман гүнзгий амьсгаа аваад, өглөөнөөс хойш хармаандаа нууцалж асан нэг ширхэг "чупа чупсаа" атгасаар дээд ангийн охиныг чиглэн алхаллаа. Шадар туслахууд ч атаманд "бараа болон" хойхно нь дагалдацгааж үзэгдэнэ.
- Охин банди өдөх үү
- Өдье
- Хэнийг
- Борхүүг
- Өчигдөр Борхүүгээр тоглосон биз дээ! гээд Үүлэн нэрт охин буруу харан нэгдүгээр атамантай харц тулгарав.
- Яасан?
- Май...
- Би дургүй ээ, Хандмаад өгчих...
Атаманы дотор тэртээ сая жилийн өмнө тэсэрсэн галт уулын цоргион ахин асав. Тэсэрч, дэлбэрэхэд дэндүү ойртсон час улаан галт уулын түрлэг нүүрэн дээр нь цоргиод ирэхэд атгаж асан чихрээ дээш нь чулуудаад эргэн гүйлээ. Ердөө хэдхэн алхмын зайтай харж зогссон өчигдөрийн олз руугаа давхиж очоод хамаг байдаг чадлаараа нүүр рүү нь буулгаж орхив. Бүдүүн банди юу ч ажирсан шинжгүй өмнөөс нь өрөвдсөн харцаар ширтэж зогсосхыг харсан нэгдүгээр атаманы дотор хуй салхи эрчлэн, галт уулын халуун лав бургилан буцалж бамбаруушийг бүдүүнээс хүчээр булаачихлаа...
Мөч бүрээ тас татан хэмхчүүлсэн бамбаруушийг атаман нулимстай нүдээр ширтсээр л...