-Цаг хугацааны машинд суугаад өнгөрсөн рүү эсвэл ирээдүй рүү яв гэвэл хаашаа нь очих вэ? -Мэдээж ирээдүй рүү явна. -Яагаад? би өнгөрсөнд очих байсан. -Надад өнгөрсөнд хүргэж өгдөг "машин" бий гэж хэлээд ширээ бүрээ тойрог хэлбэрээр засаж олон хүн шавсан жижигхэн пабын голд байрлах жижигхэн тайз руу явж очин, түрүүнээс хойш дэргэд нь хог шиг нааш цааш цохиулж, дээрэлхүүлж асан хар цүнхэн дотроос тас хар өнгийн "арьстай" дөрвөн утаст хийл хөгжим гаргаж ирэв... -Хөгжмийн сайхан, хөгжим тоглохын сайхан, хөгжим сонсохын сайхан цаг хугацаандаа л байдаг. Хийлээ гаргаж ирээд л анх сурч байснаасаа эхсүүлээд өдийг хүртлэх аязуудаа тоглох үед цаг хугацаа миний өмнүүр урсдаг юм. Өнгөрсөн амьдралынхаа хором мөч бүрийг алдалгүй өмнөө зураглан харж хаашаа нь ч хүрэхэд бэлэн болдог. Хэрвээ би хүүхэд насандаа очихыг хүсвэл, зургаан настай үе рүүгээ эргэн очъё гэвэл тэр үеийнхээ хөгжимийг тоглоход л хангалттай. Орчин тойрон тамхиний утаанд замхран алга болж гар хөл минь жижгэрч цаг хугацааны эсрэг урсаж буй нь мэдрэгдэн дэлхий ертөнцийн урвуу аялаж эхлэнэ. Цаг хугацаа гэдэг өнгөрсөн бүхнээр хөглөгдөн бичигдсэн хөгжмийн аялгуу. Анх хийл сурч байх даа би үүнийг мэддэггүй байлаа. Шинэ ая сурах бүрт харин ч цаг хугацаа илүү хурданаар шалавлан урагши давхих шиг болдог байв. Хорин жилийг энэ хөгжимтэйгээ нөхөрлөж өнгөрүүлсэн болохоор ч тэрүү өнгөрсөн цаг хугацаа надад хоёрхон хоног шиг л санагддаг. Би өдийг хүртэл хэзээ ч өөрөө ая бичиж байсангүй. Ганцхан хуучин цаг үеийн хүмүүсийн нэгэнтээ бичигдсэн хөгжимийг л тасралтгүй сурсаар байна. Арван зургаа хүрдэг жилээ Вивалдийн "Өвөл" гоцлолыг сурах гэж чамгүй ноцолдлоо. Тэгэхэд чинь би хийл тоглож эхлээд арван жил болчихсон байлаа шүү дээ, шинэ ая сурна гэдэг хэцүү зүйлд тооцогдохоо больж эхлээд байсан юм. Харин тэр өвлийн Вивалди л, одоо надад хамгийн хэцүү нь байсан санагддаг. Хожим хорь гараад удалгүй өнөөх "Өвөл"-г тоглохыг ээж надаас гуйв. Хийлээ гаргаж ирээд л эхний мөрийг "зуртал" өмнүүр минь манантсан утаа бүрхэж таван жилийн өмнөх рүү шидэгдээд уначихаж билээ. Тэр бүгдэд би хөгжимөө өнгө, ноот алдалгүй тоглосоор байснаа маш сайн санадаг. Ингэж хөгжим намайг өнгөрсөн рүү минь хөтлөж өгдөг болохыг мэдсэн юм даа. Арван зургаан насандаа эргэн очоод ээжийгээ тамхинаас гарахыг гуйж, танийг тамхиа хаяхгүй бол би ч хөгжимөө хаяна гэсээр санасандаа хүрч чадсан юм. Хөгжимийн аялгуу дуусч, төгсгөлийн бадаг явмагц өнөөх манангийн утаа ахин намайг бүчиж аваад хорин нас руу минь эргүүлэн илгээсэн. Ээж минь сүрье тусаж, уушигны үхжилтээр үхэх зовлонгоос аврагдан, өдгөө ч амьд сэрүүн, тамхи татахгүй хэвээр аж төрж байна. Үүнээс хойш хэзээ хаана ямар хөгжим тоглосноо өдөр алгасалгүй тэмдэглэдэг болж өглөө бүрийн хамгийн эхний зуршилаа хөгжим тоглох болгон өөрчилсөөр ахин таван жилийг ардаа үджээ. Буцаж очоод засах хэрэгтэй зүйл бий болвол эргүүлэн санаж байх гэж тэр л дээ. Нэг ёсондоо өдрийн тэмдэглэл маягийн зүйл. Гэхдээ зөвхөн 2012 оны 1 сарын 31 ны өдрийн өглөө Бахын "Пэртита" тоглов гэх мэт дан ганц аялгуунуудаар дүүрсэн байдгаараа л ялгаатай. Одоо бодоход зургаа хүрдэг жил минь ээж ийм учираас л хийл хөгжим надад бэлэглэсэн санагддаг. Бусад хичээл, мэдлэгийг минь тоохгүй атлаа хөгжимөө л чухалчилан сурахыг үргэлж надад захидаг юм. Би ч түүнийх нь хэрээр зөвхөн хийлээ л сурахдаа бүхий л амьдралаа зориулсан. Нэрээ ч зөв бичиж чаддаггүй гэхэд минь гайхширч харах хүмүүс олон байдаг шүү. Тээр чи ч бас гайхаж байна. Тиймээ би нэрээ яаж бичдэгийг мэдэхгүй, харин миний нэр ямар өнгөөр дуулдахыг чамд сонсгож чадна. Өнгөрсөн амьдралдаа сурсан цор ганц зүйл минь. Ээж минь ч хөгжимчин. Аавыгаа ямар хүн байсныг мэддэггүй. Ээж ч мөн өдийг хүртэл төгөлдөр хуураа тоголсоор л байгаа. Харин ээж хуураа даруулдах үедээ өнгөрсөнд очдог эсэхийг би мэдэхгүй л дээ. Өвөө минь ээжийг зургаа хүрдэг жил хуучин модон төгөлдөр хуурыг засаж янзалж өгсөнийг, ээж ард нь суумагцаа л тоглож эхэлсэн гэдэг. Бүүр Германаас нэг алдартай хөгжимийн зохиолч ирж ээжийг өргөж авъя, шавиа болгоё гэж гуйж байсан юм гэнэ лээ. Харин ээж минь намайг төгөлдөр хуурандаа ер гар хүргэдэггүй. Намайг ч төгөлдөр хуур тоглодог болгохыг хүсээгүй хийл бэлэглэсэн. Ээж үргэлж шинээр хөгжимдөж шинээр бичдэг бол би тэгдэггүй. Энэ л бид хоёрын ялгаа - хэмээн залуу яриагаа дуусгаад хийл хөгжимөө буцаан хар цүнхэнд нь далд хийн урдах пивээ нэг амьсгаагаар ууж орхив. Бүсгүйн өмнө суугаа залуу харь элгийн танихгүй хүн атлаа амьсгалах нь, ширтэх нь дэндүү танил ажээ.. Тавхан цагийн өмнө биш таван жил, тавин жил хамт даа байсан мэт санагдана. Түүний хурууны үзүүрүүд гарыг нь атмагц л тэр сая "одоодоо" эргэн ирэв... Уулзсан зорилгоо нэхэн санаж, хамт даа пабаас гаран замын эсрэг талд "дүнгэнэх" буудлын зүг алхацгаалаа. Залуу гарыг нь чанга атган зоримог алхлах ажээ. Бүсгүй үл ялиг байрандаа зогсон гүнзгий амьсгаа аваад үргэлжилүүлэн "дүнгэнэх" дэнгийн гэрэл рүү алхацгаалаа. -Чи түрүүн тэнд ямар ая тоглосон бэ? -Бах "Пэртита" -Биднийг ямар ирээдүй хүлээж байгаа бол?-Би хөгжим шинээр бичдэггүй гэж хэлсэн шүү дээ...