Хөхдэй мэргэн

145 2 0
                                    

  -Яг ийм цацчихсан сувд шиг түм буман одод манайхаас шөнө бүр харагддаг даа гээд өвөр дүүрэн чулуугаа талаар нэг тарааж орхилоо.
-Яг ийм үү гээд л би маш их гайхаж хоцров.
-Яг ийм. Яг ийм. Заримдаа миний бүүр толгой эргэдэг шүү гэнэ. Бид хоёр өдөржин тэднийд байдаг ододын тухай ярьж өнгөрлөө. Бүртийх үүлгүй цэнхэр тэнгэрийн чанх орой руу заагаад:
-Яг тэнд чинь "Хөхдэй мэргэн" байгаа шүү дээ гээд л найз минь тэнгэр өөд чичилж, тэнгэрийн байрлал, ододын тоог надад дуржигнуулсаар алхав. Нар уулын цаагуур жаргаж, намрын сүүлчийн улбар улаан туяа татарч эхлэхэд бид ирлээ. Намайг оруулж өгөөд, найз минь хоёр дүүгээ олж ирэхээр чавхдан гарав. Ээж нь гэх нүдний нь зовхи унжисан хөгшин эмэгтэй надад цай аягалаж өгөөд эргэн хэвтэв. Үе үе бөгшүүлэн ханиалгах ажээ. Харин би дээш доош нүдээ эргэлдүүлээд, яагаад дөнгөж орж ирэнгүүтээ л анзаараагүйгээ одоо болтол гайхдаг юм. Тэднийх "дээвэргүй" айл байлаа. Яг чанх орой дээр цэнхэр хурц гэрэл гялалзахыг ажаад л, өнөөх "Хөхдэй мэргэн" нь байх нь ээ гэж танив. Тэр удалгүй ирж, надад бүхий л ододыг нэрлэж үзүүлэв. Удалгүй ээж аав хоёр минь сүйд майд болсоор намайг олж ирэн, загнан дагуулж явж билээ.
-Ээжээ, ааваа манайх бас тийм "дээвэргүй" гэртэй болъё тэгэх үү гэж хэлээд ээжид үсэртлээ алгадуулж ахиад тэднийд очихгүй ам өчиг өгөв өө. Өглөө сэртэл бүхий л хорвоо ертөнц дун цагаан өнгөөр будагдчихаад намайг л гарахыг хүлээж байгаа мэт намуухан. Би хэдий ам өчигөө өгч авалцсан ч, тэр их цагаан цасанд догдлоод шууд л тэднийх рүү гүйж очилоо. Гурван давхарын дээвэр рүү хамаг хурдаараа мацаж гартал дөрвөн цасан хүн намайг угтаж авав.
Яг л ийм хөвсгөр цасаар хийсэн дөрвөн цасан хүн. Хөхдэй мэргэн чанх орой дээр нь гялалзаж байж билээ.   

Short StoriesKde žijí příběhy. Začni objevovat