Хамаг шүлс амаа цацлан, "...тэнд, тэнд..." гэсээр ягаан шорттой жаал гүйж ирэв. Яах ийхийн зуургүй гараас нь хөтлөөд ойн гүн рүү дагуулаад явчихлаа. Өчигдөр орсон борооны чийг ч хатаж амжаагүй ногоон мододын үнэр улам сэргэсэн байх шиг. Углаашных нь улыг тойроод битүү шавар болчихсон тэр дундаас нь жижигхэн бор хуруунууд хөдлөх нь энэ нөхөр хавь ойрын бүхий л тогтоол ус, шалбаагийг хашираажээ. Хүрэх газраа ирсэн бололтой, амьсгаа даран зогсоод дугариг цагаан зүйл рүү заав. "101 гөлөг" кинон дээрх гөлөгнүүд шиг хар толботой цагаан бөмбөг. Асуусан маягтай өөдөөс нь ширтвэл, "өчигдөр ч байсан юм". Хоёул өнөөх бөмбөгийг аваад гэрийн зүг гэлдэрэв. Шаваранд хутгачихсан юмуу гэмээр гараараа ахин зуурч аваад гэртээ оруултал, тэнд нь нөгөөхтэй адил зургаан ширхэг бөмбөг байна. Бүгдийг нь саяны хэдэн өдөр яг тэр газраас олжээ. Найз нөхөдтэйгөө хуваалцаарай гэсээр би бушуухан зугтлаа... Юм л болвол над дээр гүйж ирдэг сонин жаал шүү. Жаалын насан дээр бас л иймэрхүү бөмбөгтэй байсан санагдана. Бэрзгэр, бэрзгэр гадаргуу нь юунд зориулагдсаныг нь бодоод, бодоод олоогүй юмдаг. Маргааш нь анги дэвших шалгалттайгаа тоолгүй бөмбөг, бөмбөг гэсээр харуй бүрий болж дэлгүүр хаасан хойно гудманд зогсох тоглоомын наймаачидаас нэг юм олж авсан нь нэг л сэтгэлд хүрээгүй, авчихсан хойноо тэгэсхийгээд л уйдчихаж билээ. . Надаас ч илүү шалгалтанд минь санаа зовох эхийнхээ нүдэнд бөмбөгөө тэврээд додриун алхах догдлонгүй хүү тусна. Хамгийн түрүүнд гүйж гараад л, дүнгийн цаасаа салхинд хийсгэчих шахам хурдлан очиход өнөөх хөндий хар толботой давжаа бөмбөг л намайг угтаж, ёрын тэр мууг өшиглөж орхитол цонх хага цохин нисэн одов... Тэгэхэд яагаад тэгж их хүссэнээ бодон шүүрс алдлаа. "Ахиад алга болгочихсон юм уу, одоо дахиад авж өгнө гэж ёсдо байхгүй шүү мэд ээ!, гэртээ хариад бусад тоглоомнуудаараа тогло!!" - зандрах эхийн дуун сонсогдоно...Тамхиний гашуун амт улам хатуу санагдана. Толбот бөмбөг. Бэрзгэр бэрзгэр гадаргуутай. Тэр бөмбөг олдсон газар, гэрэл гялбаад хагарсан цонхны хэлтэрхий байл уу яалаа.