"Хөгшин хүн хуучин ном хоёр адилхан үнэртэй тиймээ" гэсээр тэр өөдөөс минь аягатайгаа сарвайв. Уулын цаагуур нуугдсан нарны бүрэнхий гэгээ гудманд татжээ. Асуулттай хамт ирэх тамхины утаа, архины хурц үнэр дотор муухай оргиулна. Би юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Тэр арав төгсөөд л ууж эхэлсэн, одоо ч уусаар л буй найз минь.Сүүлийн зургаан сар газрын гаваар далд орчихоод, гэнэтхэн л орцны өмнө мишээчихсэн, хармаандаа өнөөхтэйгөө хамт намайг угтаж авсан нь энэ. Талимаарсан нүднээс нь тэрнийг халамцуу явааг гадарлаж, утсаа унтраан байрны ардхан байрлах цэцэрлэгт очиж суув. Цэцэрлэгийн төмөр хашаа өндөр хана хэрэм шиг байхад биднийг л орог гэсэн шиг үүд нь онгорхой савлаж үзэгддэг хаалгыг бахим том зузаан төмөр цоожоор бэхэлж орхисон нь биднээс хойш "хүүхдүүд" байхгүй болчихсон юм болов уу? гэтэл өнөөх төмөр хаалгыг намарын сэрүүн салхи дээрэлхэн гунигтай гингинүүлэв. Намар л надад таалагддаг юм. Хүйтний жавар эхэлсэн сэрүүн салхинд эхээсээ өнчирөн нисэцгээх шаргал навчис дээр "өрөвдөх" сэтгэл үгүй зүггүйтэн "бяц, бяц" гишгэлэх жаалуудад атаархана. Бид ч бас яг тийм жаалууд байв. Чангаас чанга чарлан хагдрах навчисын гунигийг ч сонсохооргүй жаргалдаа умбаж, өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл гадуур зугаалдагсан. Тэнгэрт одод түгсэн хойно тэднийд гүйж ирээд, эмээгийнх нь аягалах гурилтай шөлийг амтархан иднэ. Хав халтар гарандаа шинэхэн барисан цав цагаан талхи тас атгачихаад, хиртэй, шороотой нь хамт залгилж орхидогсон. Одоо тэр бяцхан хиртэй халтар хуруунууд, хэзээ ч арилахгүй үрчилээсүүдээр дүүрсэн өргөн алгаар солигджээ. Үе үехэн л хэвтэрт ордог, хэвтэрт орохоор нь гархаа байчихдаг найзынхаа эмээд хаяахан дургүй хүрдэг байв. Тэрнийг байхгүй бол би ганцаар хаяагдаж өдөржин лааз өшиглөж явдагсан. Тэр харин бие сайтай хүүхэд байлаа. Өдий хорин жилд эрүүл явахыг нь тоотой хэдхэн харсан ч нэг ч эмнэлэг, домчоор шагайж байсангүй. Эх эцэг хоёр нь ой ч хүрээгүй бяцхан үрээ орхиод алс холын Солонгост ажиллахаар яваад эмээгий нь бурхан болоход л сая ирсэн гэж дуулж билээ.Сургуулиар халдварт ханиад тархаж, хүүхэд бүр гэртээ халуурч хэвтсэн өвлийн тэсгэм хүйтэн өдөр хавар намрын хүрэмтэй цонхны гадаа ирж зогсоод гараад ир гэж орилж байдагсан. Тэр ганцаар л ханиад хүрч халуурсангүй. Тусах өвчинг минь эмээ минь авчихдаг юм. Орой унтахаар хэвтэхэд, эмээ алгаа хавсран бурхандаа зальбираад духан дээр минь зөөлхөн илдэг, аажим аажимаар халуу дүүгээд л, бие амраад би унтаад өгдөг дөө гэж ярьж билээ. Надаас бусад хүүхдүүд хаврын хичээлдээ явж эхэлэхэд би дээрдэхгүй хэвтсээр л байлаа. Эцэг эх хоёр яаж ч хичээгээд би орноос боссонгүй. Харин найз минь эмээгээ дагуулж ирээд надыг үзүүлэв. Бурханаа хүртэл бариад иржээ. Эмээ нь алга хавсран бурхандаа зальбираад духан дээр минь удаан гэгч ээж суулаа. Халуу дүүгээд нүд анилдан унтаад өгсөний маргааш цоо эрүүл хүү сургуульдаа харайлгасан юм. Амийг минь аварсан хөгшин өнгөрөөд зургаан сарын нүүрийг үзчихжээ. "Хөгшин хүн, хуучин ном хоёр адилхан үнэртэй тиймээ?" гэх нөхрийн минь нүдэнд харанхуй хоосон гуниг мэдрэгдэнэ. Хорвоо дээрх цор ганц хүнээсээ салаад хаашаа ч юм хагас жил алга болсон тэр, зовлонт мэдээгээ надтай л хуваалцахаар зорьж ирсэн нь энэ аж. Үнэхээр л надад хөгшин хүн хуучин ном хоёр адил үнэртэй байдаг санагдав. Буурайгийн туухай баахан хуучилж, өдий хүртэл амьд яваагийн минь шалтгаан эмээ минь байсан юм шүү дээ, үгүй бол тэр жилийн халдварт ханиадаар л хамгийн түрүүнд эрлэг Номун хааны өвөр дээр заларчих байсан биз гэнэ. Үнэхээр л тэр өвлийн ханиадаар дөрвөн ч хүү манай ангиас яваад өгч, тав дахь нь би болох шахсан билээ. Ачийг нь хариулж амжилгүй буцаачихсан буурайг дурсахаас дотор хөндийрөөд явчихлаа. Хөндий дотроо "зуун грамм"-р дүүргээд хэсэг тамхилан сууцгаав. Сүүлчийн хоёрыг цааш нь харуулаад, "найз нь маргаашнаас уухгүй ээ" гэсээр тэр салж одлоо. Сарын дараа тэрний оршуулганд би явав... Тэр жилийн тэр өвөл дөрвөн ч нөхөр минь "түүнд" хордож хороогдсоны тав дахь нь тэр... Бас л их ханиадтай өвөл өнгөрсөн юм. /Тэмдэглэл: Эмээгээс нь өв дамжигдаж ирсэн хуучны судар бичиг, номнууд одоо манай хоймор дээр бий./ /2016.08.23/