Толин тусгал

113 4 0
                                    

  Хөрш айлынх нь охин л доо. Хар багаасаа л хэн хэнийхээрээ орж гарч, тоглож өссөн. Харин өнөө сэгсгэр үстэй, байнга л халтайчихсан гүйж байдаг охин нэг л өөр харагдаад байдаг болчихож. "Аав би улам л таньтай адилхан болоод байх юм" гэхдээ, яриа өдөх төдийгөөр Солонгог эхнэрээ болгоод авчих уу гэсэн утга агуулж байв. "Миний хүү өөрөө мэд" гэхээс өөр дорвитой үг эцгийн амнаас унасангүй. Үүдний өрөөний том толинд зэрэгцэж зогсоод ярилцах залуучуудыг сонсож асан эх нь галын өрөөнөөс бөөн уур болчихсон гарч ирэх нь тэр. "Тийм юм ёсдо байхгүй, өнчин, өрөөсөн амьтан" л гэнэ. Хүнтэй суухад өнчин, өрөөсөн байх нь ямар хамаатай юм... Нэг гэрт орохын цагт өрөөсөн нь хосоороо, өнчин нь бүхэл болчих бишүү. Ээж уул нь Солонгод тун л сайн байдагсан. Хөөрхий эцэггүй өсчихсөн юм. Манай аавыг аав шигээ санаж, зарим үед хэл нь халтираад "аав аа" гэж орхино. Бүүр багаасаа л ингэж хэл хальтирдаг байсан нь хожим ийм зүйл болохыг зөгнөжээ. Эх нь зөвшөөрөх шинж ер орсонгүй. Санаагаа задлаж орхисны яг маргаашнаас л тэднийхээр ахиж орохгүй, уулзахгүй, бүрмөсөн сал гэж шамдуулав. Харин тэр эцэгтэйгээ улам адилхан болсоор л. Хамар нь томорч, өтгөн хөмсөг, сахал суусан нь хүн хальтхан харвал андуурхаар. Зарим хүмүүс дуу хоолой нь хүртэл ялгахын аргагүй гэнэ. Биш гэсэн юм шиг л өвчүүлчихсэн эцэг нь төдөлгүй өнгөрөв. Гэнэтийн эл явдал түүнд Солонгыг нь ч зэрвэс мартагнуулаад амжижээ. Толины өмнө зогсоод ажилдаа явахаар зэхэх бүрийд өмнөөс нь эцэг нь цоо ширтээд зогсож байна. Зовхи нь унжиж, буурал суусан толгойн хүнхэр нүднүүд нэгийг хэлэх гэсэн мэт. Эцгийг хөдөөлүүлдэг өдөр тэрнээс илүү Солонгод л тун хүндхэн байх шиг. Харисан хойно, шөнө дунд нууцаар дуудаж гаргаад нэг зураг үзүүлэв. Тэнд нь тэрний "толин тусгал" эмээдээ тэврүүлчихсэн сууж байх аж. "Манай аав юм" гэх Солонгын гунигтай харц түүнийхтэй тун ч төстэй аж... Долоон сарын дараа төрөх бяцхан үр нь бүүр ч адил байх мэт санагдана.  

/2016.08.07/

Short StoriesDonde viven las historias. Descúbrelo ahora