Захиа

93 1 0
                                    


"Хэрвээ чи надаас тэгэхэд хэзээ гэж асуусан бол би долоо хоног гэж хариулах байсан. Харин одоо надаас хэзээ гэж асуувал би хэзээ ч үгүй гэж хариулмаар байна. Өчигдөр энд ирээд л би, төмөр замын хуучин таван давхаруудын зүг жолоо заллаа. Надаас, биднээс нэг үе дүү таксины жолоо ч хүү шинэхэн найз охиныхоо тухай надад харамгүй яриснаар үл барам орой нь уулзаж ч болох юм гэж санал тавьж байна. Магадгүй миний байр байдал түүнд тун ч таалагдсан бололтой. Би энд ирэлгүй их уджээ. Танил төмөр замын таван давхрууд одоо алга болж. Өнөөх л саарал өнгөтэй, жижигхэн дөрвөнжин цонхнууд дүүрэн Улаанбаатар өртөө л дотно санагдана. Үдэш бүр тэдгээр эзгүй сандлуудын нэгэнд хорогдоод, нар мандах зүг рүү зорчих галт тэрэгний цувааг тоолж суудагсан... Энэ бүхэн хэтэрхий алсад оджээ.Одоо чи зургаан настай бяцхан охинтой болчихсон, чиний бүлтгэр хар нүд, урт үсийг хуулсан тэр охин ундаа нэхээд сууж байгаа гэдэгт би мөрийцөхөд ч бэлэн байна. Магадгүй, чи намайг ор тас мартаж, сэтгэл зүрхний чинь мухрын өрөөнд зассан үүр минь нэгэнт эзгүйрч хоосроо биз. Тэнд үлдээсэн миний халаасны цаг ч нэгэнт цохилохоо больжээ.Тиймээ, үнэхээр чаг чаг хийн дуугарах цагний чимээнээс айхаа больчихсоны минь шалтгаан энэ юм болов уу?. Цаг хугацаа энд ингээд л надтай, долоон жилийн өмнө таг зогсчихоод ахин цохилоогүй. Би баттай мэдэж байна. Бүүр маш баттай мэдэж байна. Галт тэрэгний чимээ ч надад сонсогдсонгүй. Би энд эргэж ирдэг нь дэмий санаа байжээ. Тун санаандгүй байдлаар хаягийг чинь олж аваад захиа бичсэн минь энэ. Олон зүйл нуршихыг хүссэнгүй. Өнгөрсөн хугацаанд яажшуухан аж төрж байсныг чинь ч асуухгүй. Хариу хүлээж авахыг ч шаардахгүй.Зүгээр л цаг үнэхээр цохилдог эсэхийг шалгаж үзэж буй минь. Удахгүй би буцаад явлаа. " гээд л тун чамин бичсэн танил үг үсэг дүүрэн захиа төгсчихлөө. Нойтон үсээ алчууранд нуусан залуухан бүсгүй зөрөн өнгөрөх галт тэрэгний цувааг ажиглан сууна. Охиноо сэрэхээс өмнө яаравчилан өглөөний унд бэлтгэхээр эртлэн боссон ч, хэдхэн мөртэй захианд ховсдуулан тэр жилрүү шумбаад орчих нь тэр."Долоо хоног" гэсэн зурвастай гар утас чичирхийлэн дуугарах дохио тэрнийг зүүдэндээ живхээс авран амжиж дуугарав. Ханын цаг чаг чаг хийн дуугарч секунд бүрийг амьсгаа даран тоолж эхэллээ... Нэг...Хоёр...Гурав...Дөрөв...Тав...Зургаа...Долоо.

Short StoriesDonde viven las historias. Descúbrelo ahora