Chapter 48: SSFW

481 61 10
                                    

"Болж байна. Бид танд Хуан захирлын хувьцааг авахад туслая."

Ву захиралд тусална гэнэ ээ? Крис галзуурчихаа юу?

"Зөв шийдвэр. Аль болох хурдан байвал сайн байна шүү."

Крис толгой дохиод бугуйнаас минь барьсаар дээш босов. Бид Ву захиралд бөхийчхөөд дээш өрөө лүү гээ гарлаа. Өрөөний хаалга хаагдахад би Крисийн гарыг тавиулаад түүн лүү хариулт эрсэн нүдээр ширтэж эхлэв. Өмнө нь чагнах төхөөрөмж тавьчихсан байсан учир тэрнээс хойш бид хоёр өрөөнд хамаагүй зүйл ярихаас болгоомжилдог болчихсон учраас би ямар нэг зүйл хэлж чадсангүй.

Тэр юу ч дуугарахгүй хэвээр хувцасны өрөө лүүгээ намайг дагуулан оров. Миний хувцасны өрөөнөөс хэмжээгээрээ арай жижиг ч үнэхээр эмх цэгцтэй өрөө намайг угтах нь тэр. Анх удаа л энд орж ирж үзэж байна. Гэхдээ жижиг биш бололтой...

Нууц өрөө?

Крис гутал өрсөн бүтэн нэг ханыг жижигхэн баримал шиг хөшүүргээр эргүүлэн нээчихлээ. Би нүдэндээ ч итгэсэнгүй. Ямар ч зай завсаргүй байсан хана хөдлөн нүдний минь урд бүхэл бүтэн нэг өрөө гараад ирчихэв. Крисийг өрөө рүү ороход араас нь итгэл муутайхан даган орлоо. Тийм ч том биш дундаж хэмжээтэй, цонхгүй, саарал өнгө давамгайлсан өрөө байсан юм. Шилэн самбар дээр маш олон зүйлсийг бичиж, нааж, хооронд нь холбосон байв. Ойртоод харвал энэ бидний гэж нэрлэгдэх төлөвлөгөөний талаар байх нь тэр... Үнэхээр нарийн нямбай бичжээ. Хажууд нь бичиг цаас овоорсон нэг том ширээ, амралтын гэмээр нэг сандал байх аж.

Намайг өрөөг сонирхон алмайрч байх зуур Крис хаалгыг дотроос нь хаан, автомат түгжээгээр түгжлээ. Дараа нь тэр ширээний шургуулганаас нэг жижигхэн хар төхөөрөмж гаргаж ирэн асаагаад тохиргоо бололтой нэг зүйл хийв.

"Энэ бүх төрлийн сүлжээ унагаагч... Бас энэ өрөө дуу нэвтрүүлдэггүй... Одоо бид ярьж болно... Гайхсан уу? Аавд туслана гэхэд?"

"Мэдээж... Юу бодоод байгаа юм?"

"Бидний төлөвлөгөөнд нэг зүйл дутуу байсан шүү дээ. Хуан захирлыг өөрсдийнхөө талд оруулахад ашиглах хөзөр... Хэдий бид Зи Яныг аварсан ч Хуан захирал бидэнд тусалсангүй... Харин одоо бол өөр... Ямар ч хүн өөрийг нь арчиж хаях гэж байхад зүгээр суухгүй тийм биз?"

"Сайн ойлгосонгүй..."

"Бид Хуан захиралд аав өөрийнх нь хувьцааг хүсч байгаа гэдгийг хэлэх болно. Хуан захирал ганцаараа бол хэзээ ч аавын өөдөөс тэмцэж чадахгүй. Хэрвээ Хуан захирлыг бидний талд орохгүй бол бид аавын талд орно гэж багахан сүрдүүлж болох юм. Ийм нөхцөлд тэрэнд бидэнтэй гар нийлэхээс өөр сонголт байхгүй..."

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now