19 | Мэдрэмж

324 69 1
                                    

Өөрийнхөө төлөө бус өөр нэгнээс болоод баярлаж буй минь анх удаагийнх. Баярын нулимс цалгиулан инээж буй минь ч тэр.

Өглөө сэрэхэд тэр байсангүй. Хаашаа явсан нь сонирхол татахын хажуугаар Мисон луу явсан гэх бодол толгойд эргэлдэв.

Уурлахаас илүүтэй санаа зовж байсан учир өчигдөр түүнээс хүчээр шахуу авсан дугаар луу залгалаа. Эхний удаад авсангүй, улам л санаа зовон дахин залгавал тэр бус өөр нэгний хоолой угтаж авсан юм.

"Байна уу?"

"Өө, Ханыл чам луу яг залгах гэж байлаа"

Бараг сарын өмнө сонссон ч толгойд тогтчихсон содон хоолой дуулдсанд "Ким эмч?" хэмээн асуувал түүний зөөлөн инээх сонсогдов.

"Тийм ээ, би байна. Чамд хэлэх чухал бас баяртай мэдээ-"

"Хүлээ, одоо наана чинь Жэй байна уу?"

Тэр чухал мэдээ нь надад тийм ч хамаа байсангүй түүнийг байгаа эсэхийг асуувал хариуд нь би санаа алдалт л сонссон юм.

"Байхын хувьд ч байна л даа. Гэхдээ түүнийг Жэй гэж дуудах шаардлагагүй л болов уу"

"Юу гэсэн үг юм?"

"Харин энэ тухай л хэлэх гээд байгаа юм. Ямартай ч чи одоо эмнэлэг дээр ирэх хэрэгтэй байна"

"Ойлголоо" товчхон хариулт өгчхөөд утсаа таслав. Тэгээд хурдхан шиг гадуур хувцсаа өмсөн гэрээс гарахдаа би бараг л гүйж байлаа.

Эмчийн хэлсэн учир битүүлэг зүйлсийн зангилааг тайлахын тулд ингэж яарч байна хэмээн бодсон ч үнэндээ зүгээр л түүнийг харахын тулд байсан юм.

Тийм ч удаан явсангүй эмнэлэг дээр ирэн, өрөө лүү нь ороход намайг хүлээж байсан мэт Ким эмч цай аягалан зогсоно.

"Хисын одоо явж эмчилгээндээ ордоо. Ханыл ирчихлээ" эмч намайг харсан даруйдаа ийнхүү хэлэх бол хөлөө ширээн дээр тавин, утсаа оролдож байсан тэр нааш хэсэг ширтэв.

Тэгээд босож хувцсаа янзалсан болчхоод юу ч хэлэлгүй өрөөнөөс гарлаа.

Би асуулт эрэх мэт харцаар эмч лүү ширтэн, ширээнийх нь өөдөөс харсан сандал дээр очин суувал тэр урд минь цай тавив.

"Тайлбарлахгүй юм уу? Та сая түүнийг Жэй биш Хисын гэж дуудлаа шүү дээ"

"Өнөөдөр хагас сайн өдөр гэдгийг мэдэж байна л даа. Түүнийг Жэй дүртэй байх ёстойг ч мэдэж байна. Гэхдээ Ханыл, түүний дүрүүдэд өөрчлөлт орчхож"

"Ю-Юу гэсэн үг юм?"

"Түүний дүр түр хугацаагаар өөрчлөгдсөн эсвэл бүр мөсөн арчигдсаныг хэлж мэдэхгүй нь. Гэхдээ энэ бол сайны дохио. Чи баярлахгүй байна гэж үү? Тэр эдгэж байна шүү дээ"

Эмч өөдөөс минь харан инээмсэглэсээр ийн өгүүлэх бол би бараг л уйлж байлаа.

Гэхдээ энэ баярын нулимс бололтой. Энэхэн хугацаанд өөрийгөө хамгийн аз жаргалтай нэгнээр мэдэрч суухдаа ингэж баярлах эрхтэй хүн мөн эсэхдээ эргэлзээд амжив.

Би түүнд ямар тус хүргэсэн гэж инээх ёстой гэж? Өвчин нь эдгэх шалтгааных нь нэг байж чадаагүй атал надад нулимс дуслуулах эрх байгаа гэж үү?

Өөрийн дотор холилдсон олон мэдрэмж мэдрэхдээ би юу хийж чадахаа л хамгийн сайн мэдэж байсан юм.

Цор ганц хачирхалтай мэдрэмжээ би нулимс л болгон урсгаж чадна.

CHARACTER |Completed|Where stories live. Discover now