31 | Харилцаа

328 70 0
                                    

Биднийг холбох хайр хийгээд мэдрэмжүүд минь хамгийн гунигтай ч аз жаргалтай харилцааг үүсгэнэ. Гэсэн ч би үүнийг үгүй хийхийг хүсэхгүй.

"Үнэхээр уучлаарай, Ханыл. Энэ болохгүй гэдгийг мэдэх ч би... би чамд сайн болчихсон бололтой"

Тэр үнсэлтээ салган толгойг минь цээжиндээ наан тэврэхдээ ийн хэлэх бол би түүний үгийг хүлээж авч зүрхэлсэнгүй.

Одоо ч сандрах зүрхээ даган гар минь салганаж байсан ч аньчихсан байсан нүдээ алгуурхнаар нээлээ.

Үнэхээр л амьдралдаа мэдэрсэн хамгийн ер бусын мэдрэмж минь энэ байх.

Хайртай нэгэндээ анхны үнсэлтээ өгч, түүнийхээ тэвэрт тухлан байхдаа удаан хугацааны турш сонсохыг хүссэн үгээ инээмсэглэсэн төрхтэй нь хамт хүлээж авсан болохоор.

"Гэхдээ, чи... Мисонтой үерхэж байгаа биз дээ?" түрүүнээс хойш толгойд эргэлдсэн асуултаа асуухдаа түүний араар гараа оруулан тэвэрлээ.

"Үгүй ээ, салчихсан. Бараг сарын өмнө, өвлийн амралтаар" тайван хоолойгоор аргадах мэт өгүүлэхэд нь л санаа амрах мэт санагдан биеэ суллалаа.

Гэхдээ л, энэ болохгүй шүү дээ.

"Хэрвээ би түүнээс салаагүй байсан бол чи надаас холдох байсан уу?"

"Мэдээж гэхдээ... салсан байсан ч холдох л болно" түүнээс тэврэлтээ салгахдаа шивнэх шахам хэлсэн үгийг минь тэр сонссон бололтой хоёр мөрнөөс минь барин, нүд лүү минь харсаар "Яагаад?" хэмээн асуув.

Нүд нь томорч, гайхсан төрхийг өөдөөс минь гарган суухад нь би багахан инээлээ. Зүгээр л бидний харилцаа, хоорондын холбоог өрөөл нэгэн бүхэлд нь удирдаж байна шүү дээ.

"Чи мэдэж байгаа, Хисын. Бид болохгүй гэдгийг. Одоо үүсчихсэн байгаа гүн харилцаа минь хэзээ нэгэн цагт дуусгавар болно. Хэдий бид хүсээгүй ч..."

"Г-Гэхдээ, Ханыл... хэрвээ бид хичээвэл харилцаагаа энэ хэвээр нь авч үлдэж чадна шүү дээ. Эсвэл зүгээр л зугтацгаая! Аав болон чиний ээжид харагдахгүй газар очоод нуугдчихъя. Юунд ч санаа зоволгүйгээр амар тайван амьдарцгаая"

Уучлаарай, Хисын... хайрынхаа төлөө алхам хийхэд би дэндүү зориггүй нэгэн.

Тэр аль хэдийн нулимс дуслуулж буй нь намайг яг л гэм хийсэн мэт мэдрүүлж байна. Гэмтэн шиг санагдаж буй нь анхных биш ч энэ удаагийнх намайг илүү их өвтгөж буй нь хэчнээн шаналалтай.

Сандарсан хоолойгоор ятгах мэт ярих тэр, толгойд байх үгсээ бодлогогүй урсгаж буй нь илхэн.

Түүнд хариу хэлж чадсангүй. Зүгээр л толгой сэгсрэн уйлахад минь тэр намайг дахин тэврэв.

Дааж ядан байх толгойгоо хүзүүнд минь шигтгэн, урсах бүлээн нулимс нь мөрийг минь норгох мэдрэгдэнэ.

Чичирхийлсэн хоолойгоор огтхон ч эргэлзсэн шинжгүй ярих тэр хэчнээн хөөрхийлөлтэй.

"Тэгвэл тэр төгсгөлийг нь иртэл, хоорондын харилцаа минь дуусгавар болох хүртэл. Тэр багахан хугацааг нь жоохон ч болтугай аз жаргалын хамт хайр дүүрэн өнгөрүүлчихье. Ядаж л нэгнийхээ инээмсэглэсэн төрхийг мартагдахааргүй болтол нь тархиндаа тогтоож, зүрхэндээ үлдээе. Тэр төгсгөл гэгч зүйлийг нь иртэл"

CHARACTER |Completed|Where stories live. Discover now