30 | Анхных

342 72 2
                                    

Үүлсийн зөөлнийг гаран дээрээ мэдэрч, дундуур нь яван үнэрээр нь уушгиа дүүргээгүй ч би чамаас үүлсийг мэдэрдэг.

Тав дахь өдөр... Бомгю хичээлдээ ирсэнгүй. Яагаад ч юм гэм хийсэн мэт санагдаж, амнаас ч олигтой үг унасангүй.

Үүнтэй зэрэгцэн "Тэр надад чин сэтгэлээсээ сайн болов уу?" гэх бодол толгойд минь олон дахин эргэлдсээр.

Өчигдөр түүний хэлсэн үгс, хайр дүүрэн харцыг хараад би догдлоогүй биш догдолсон. Үнэхээр их. Анх удаа л намайг хайрласан нэгэн, миний төлөө цохилж чадах зүрхийг олж харсан болохоор.

Хий хоосон, уйтгартай өдрийг арайхийн давж, Хисынтэй хамт гэр лүүгээ харих замд тэр өчигдрийн явдлын тухай олон юм шалгаасангүй.

"Тэр чамд сэтгэлээ илчилсэн хэрэг үү?" түүний асуусан ганц өгүүлбэр, асуултыг нь бататгах миний хариу үйлдэл.

Би толгой дохиход тэр дахиж юм хэлсэнгүй. Гэхдээ Хисын орой нь хэн нэгэнтэй удтал утсаар ярьсны эцэст надад юу ч хэлэлгүйгээр гэрээс гарав.

Хорин нэг...

Хорин хоёр...

Оройн хорин гурван цаг болсон ч тэр ирсэнгүй. Өмнө нь түүний хэр оройтох нь надад хамаатай байгаагүй ч өнөөдөр өөрийн эрхгүй хүлээн, зочны өрөөнд хүлээстэй мэт л цаг ширтэн суув.

Удалгүй тэр ирсэн ч... энд тэндгүй шалбарсан царай, цус болсон уруул, урагдсан гартай орж ирсэн юм.

Энэ бүгдээс л харахад түүнийг хүнтэй зодолдчихсоныг мэдэхдээ юу болсон талаар асуухыг хүссэнгүй. Буйдан дээр амьсгаадан суух түүний цусыг нь тогтоохыг хичээн, шархыг нь цэвэрлэж эхэллээ.

"Юу болсон талаар асуухгүй юм уу?"

"Чи хариулна гэж үү?" гарт байх лентээ түүний духанд наасаар хэлэхэд тэр багахан инээвхийлэв.

Гэсэн ч сэтэрсэн уруул нь өвдсөн бололтой бага зэрэг ярвайн "Магадгүй чамаас халамж хүссэндээ хариулах байх?"

Түүний утгагүй ч догдлом үгсэд хацар минь улайх мэдрэгдсэн ч тоолгүй спирттэй хөвөнгөөр уруул дээрх шархыг нь арчсаар "Тэгвэл... юу болсон юм? Хэнтэй гар зөрүүлсэн болоод нүүр чинь ингэж их гэмтчихсэн байгаа юм?"

"Чамаас болсон гэвэл чи итгэх үү?"

"Мм... үнэхээр утгагүй сонсогдож байна" түүн лүү харахгүйгээр хэлэхэд минь тэр энэ удаад гараас минь атгав.

"Би чамайг ойлгохгүй юм, Ханыл. Бомгюгаас гадна миний хүртэл сэтгэлийг татчихаад өөрийгөө хэтэрхий доогуур үнэлэх чи надаас ч илүү төвөгтэй санагдаж байна"

"Ю-Юу?" түүний үгийг ойлгож ядахдаа амнаас минь гарсан ганц үг энэ байв.

Харин тэр дөлгөөн хийгээд ёроолгүй мэт гүн нүдээрээ намайг цоо ширтэн, гарыг минь атгасан гараа улам чангалан нааш дөхөж буй нь өмнөх удаагийнхаас илүү шийдэмгий харагдана.

"Болохгүй шүү дээ, Хисын" түүнд ийн хэлмээр байвч, энэ үгсээ би зөвхөн толгой дотроо л хадгалчихлаа.

Би ч бас үүнийг хүсэж байгаа болохоор. Зөвшөөрөлгүйгээр хойд ах хэмээх тодотгол зүүчихсэн түүнийг. Гэр бүл гэх утгагүй холбоонд баригдчихсан ахыгаа. Мөн анх удаа хайр гээч зүйлийг дотроос минь гаргаж ирсэн чамайг. Би хором бүрд хүсэж, секунд тутамд үгүйлдэг.

Анхных...

Түүнд өгсөн тэврэлт, халамж хийгээд хайр. Надаас гарч байгаа мэдрэмж, хүнээс авч буй аз жаргал. Үнсэлт ч бас... бүгд анхных.

Хисын баруун гараараа үсийг минь зөөлнөөр илэх агаад атгасан гараа суллан нурууны минь хойноос алгуурхнаар түших ажээ.

Халуун амьсгал нь нүүрэнд мэдрэгдэхэд би энэ удаад зугтсангүй. Өндөр хамар нь хацрыг минь шүргэхэд би зүгээр л нүдээ аньсан юм.

Удалгүй уруул дээр минь түүний зөөлөн хийгээд чийглэг уруул буухад ваниль хийгээд цэвэрлэгч спирт холилдон амтагдах нь ганцхан түүнээс л мэдрэх сэтгэл догдлом мэдрэмжийг надад өгч байлаа.

Тийм ээ, би түүнд хэтэрхий гүн уусчхаж. Уначхаж ч магадгүй уудам тэнгэр лүү түүний адил үүл болохыг хүсэн нисчхэж.

CHARACTER |Completed|Where stories live. Discover now